Н.Төгсцогтоос ямар хариу ирэх бол
AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбоо өнгөрсөн долоо хоногт ээлжит бусаар хуралдаж, мэргэжлийн боксын тамирчдыг “Рио-2016” олимпийн наадамд оролцох шийдвэрийг гаргасан.
Мэдээллийн алба

AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбоо өнгөрсөн долоо хоногт ээлжит бусаар хуралдаж, мэргэжлийн боксын тамирчдыг “Рио-2016” олимпийн наадамд оролцох шийдвэрийг гаргасан.
ОУСБХ-ны 2013 онд гаргасан шийдвэрт “Мэргэжлийн боксын рингэнд 15-аас доош тоглолт хийсэн, богино хугацааны гэрээтэй тамирчин олимпод оролцож болно" хэмээн зааж байсан. Гэвч дээрх ээлжит бус хуралдаанаар “Ямар ч мэргэжлийн тамирчин нас, туршлага хамаарахгүйгээр олимпод оролцох эрхтэй” гэж зарлав.
Ингэснээр Монгол Улсын гавьяат тамирчин, “Лондон-2012”-ийн мөнгөн медальт, АНУ-ын мэргэжлийн клубын тоглогч, Н.Төгсцогтод энэ жилийн олимпод өрсөлдөх боломжтой боллоо.
Гэхдээ тэрбээр одоогоор албан ёсны хариу өгөөгүй ч мэргэжлийн тулаанд байнгын өндөр бэлтгэлтэй байгаа болохоор “хатуу самар” хэвээрэй байх биз ээ.
Н.Төгсцогт олимпод оролцох шийдвэр гаргавал ирэх долдугаар сарын 3-8-нд Венесуэлийн Варгас хотод болох олимпийн эрхийн тэмцээнээс эрх хүртэж шаардлагатай болно.
Манай улсын боксын шигшээ багийн тамирчдаас 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат нар “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ авсан. Харин 52 кг-ын Х.Энх-Амар, 57 кг-ын Ц.Цэндбаатар, 75 кг-ын Н.Шинэбаяр, 81 кг-ын С.Эрдэнэбаяр нар Ази ба далайн орнуудын олимпийн эрх олгох сонирхогчдын тэмцээнд өрсөлдөнө. Тэмцээн энэ сарын 14-26-нд Азербайжаны нийслэл Баку хотод болно.


















