Налайх дүүргийн дулааны станцын бүтээн байгуулалтын ажлын үргэлжилж байна
Мэдээллийн алба

Налайх дүүрэгт эрчим хүчний томоохон эх үүсвэрийн эхлэл тавигдаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 79 МВт-ын хүчин чадалтай шинэ дулааны станцтай болох бүтээн байгуулалт үргэлжилж байна.
Налайх дүүргийн дулааны станцын үндсэн барилгын суурь, тоног төхөөрөмжийн барилгын суурийн цутгалтын ажил, 80 метр төмөр бетон янданг угсарч бүрэн дууссан. 58Мвт зуухны халах гадаргын угсралтын ажил хийгдэж байгааг гүйцэтгэгч МЭЗ ХХК-ийн төлөөлөл танилцууллаа.

Налайх дүүргийн 3-р хорооны нутагт баригдаж буй шинэ дулааны станц нь гурван үе шаттай хэрэгжих бөгөөд нийт 256МВт-ын хүчин чадалтай, 7,900 өрх, 13,000-20,000 айлын орон сууцны барилгыг чанартай төвлөрсөн дулаан хангамжаар хангах боломжтой болно.
Шинэ дулааны станц нь зөвхөн шинэ дулааны эх үүсвэр байгуулах төдий бус, дүүргийн урт хугацааны хөгжил, орон сууцжуулалт, агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний найдвартай байдлыг дээшлүүлэх стратегийн томоохон бүтээн байгуулалт болно.
Дулааны станцын бүтээн байгуулалтыг үе шаттайгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэнэ.


















