“Намрын гран-при-2019” даамын тэмцээн боллоо
Тэмцээнд Олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал, М.Нямжаргал, Р.Манлай, Б.Мишээл, Б.Мөнхжин тэргүүтэй 99 тамирчин оролцож, швейцарь системээр есөн өрөг тоглолоо.
Мэдээллийн алба

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клүбээс хамтран зохион байгуулдаг Дээд лигийн цувралын энэ оны найм дахь тэмцээн болох “Намрын гран-при-2019” Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн зааланд боллоо.
Тэмцээнд Олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал, М.Нямжаргал, Р.Манлай, Б.Мишээл, Б.Мөнхжин тэргүүтэй 99 тамирчин оролцож, швейцарь системээр есөн өрөг тоглолоо.
Дүн гарахад ОУИМ Г.Ганжаргал (“Ирээдүй” клуб) боломжит 18 онооноос 15-ыг авсан амжилтаар ээлжит түрүүгээ авсан. Тэрбээр Дээд лигийн сүүлийн таван цувралын дөрөвт нь ийнхүү түрүүлээд байна. Нээлттэй ангилалд ОУИМ Д.Эрдэнэбилэг (“Шинэ Монгол” сургууль), спортын мастер Б.Пүрэвбаатар (48-р сургууль) удаалсан.
Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд ОУИМ Б.Мишээл (“Ирээдүй” клуб), ДДХМ Г.Хэрлэнмөрөн (“Идэр” их сургууль), спортын мастер Б.Анужин (“Хасу-Мегастарс” клуб), ахмадын ангилалд спортын мастер Л.Гансүх (БЗД), дэд мастер Б.Алагаа (СБД), өсвөрийн U-17 насанд Г.Дүүрэнбилэг (“Ирээдүй” клуб), Б.Энхрийлэн (“Шавь” клуб), U-14 насанд С.Болор (Өмнөговь), Э.Хүслэн (“Алтан хүү” клуб) нар тус тус шагналын эзэд болсон байна. Тэмцээнийг Б.Нямхүү захиралтай европ сантехникийн худалдааны “Нартын голомт” ХХК гурав дахь жилдээ ивээн тэтгэв.


















