Нээлттэй засгийн түншлэлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Мэдээллийн алба

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Нээлттэй засгийн түншлэлийн Ази, Номхон далай хариуцсан захирал Свати Мехтаг хүлээн авч, уулзлаа.
Уулзалтаар Иргэний нийгмийн байгууллагуудын хараат бус, бие даасан үйл ажиллагааг дэмжих, эвлэлдэн нэгдэх эрхийг хангах эрх зүйн орчин, мэдээллийн ил тод байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэвлэлийн эрх чөлөөг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх хүрээнд олон улсын сайн туршлагыг судлах, холбогдох шинжээчидтэй туршлага солилцох, техникийн зөвлөгөө авах чиглэлээр Нээлттэй засгийн түншлэлтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хэлэлцлээ.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ “Авлигатай тэмцэх нь Засгийн газар болон манай яамны анхаарал хандуулж буй тэргүүлэх асуудлын нэг. Энэ хүрээнд хэвлэлийн эрх чөлөө, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа, уул уурхайн салбарын ил тод байдал зэрэг асуудал чухал байр суурь эзэлж байна. Бид бусад улсын хэрэгжүүлсэн арга хэмжээ, туршлагаас суралцаж, мэдээлэл солилцох, албан хаагчдын чадавхыг дэмжих чиглэлээр Нээлттэй засгийн түншлэлтэй хамтран ажиллах сонирхолтой байна” хэмээв.
OGP-ийн зүгээс авлигатай тэмцэх, төрийн худалдан авалтын ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр бусад гишүүн орны сайн туршлагыг хуваалцах, төр хоорондын туршлага солилцох уулзалт зохион байгуулах боломжтойг илэрхийллээ.


















