Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нэг айлд дөрвөн удаа хүргэн болсон нь

Манай найз бүсгүй (одоо эхнэр маань) телевизэд хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч хийдэг байв. Хичээл тараад орой бичлэгтэй тэгээд бүр орой тардаг тул би ээжийнхээ машиныг гуйж хүргэж өгдөг байлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэг айлд дөрвөн удаа хүргэн болсон нь
Нэг айлд дөрвөн удаа хүргэн болсон нь. Зураг: МҮОНРТ

Манай найз бүсгүй (одоо эхнэр маань) телевизэд хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч хийдэг байв. Хичээл тараад орой бичлэгтэй тэгээд бүр орой тардаг тул би ээжийнхээ машиныг гуйж хүргэж өгдөг байлаа. Гэр нь жаахан хол байдаг байсан л даа. Хүргэж өгнө. Хэсэг хамт байна, сайхан шүү дээ. Гэрийнх нь ойролцоо хүргэж өгөөд оруулж өгөөд буцдаг байв. Тэгсэн нэг өдөр найз бүсгүй маань “Манай хамаатнууд намайг телевизийн босстой “явдаг” болсон. Тэр хүн нь цагаан жиптэй орой бүр хүргэж ирдэг гэж ярьж байна” гэдэг юм байна.

Дараа нь бид хоёр гудамжинд хөтлөлцөөд явж байсан нэг хамаатантай нь таарч орхив. Тэр үед урт үстэй байсан тул гадаад гэж бодсон шиг байгаа юм. Ер нь бол жаахан эрлийз төрхтэй л дөө.

Тэгсэн найз бүсгүй маань “Манай хамаатнууд цаадах чинь телевизийн боссоо болиод гадаадтай суух гэж байна билээ. Тэр нь бүр харын эрлийз юм байх” гэсэн гэнэ.

Төд удалгүй би ч дөрвөн жилийн нөр их хөдөлмөр болсон урт үсээ авахуулж халимаг үстэй нөхөр боллоо. Ядаж байхад найз бүсгүйгээ хүргэж өгдөг байсан машин нь өөрчлөгдөв. Харин энэ удаа “Гадаад залуугаа цаадах чинь болиод. Баян гадаадад сурдаг эрлийз залуутай суух гэнээ” гэсэн гэдэг.

Хадам ээжид маань дүү нар нь энэ талаар алтан хошуу хүргэдэг байж л дээ. Би гэж хүн хадмынхаараа орж үзээгүй яваад л байлаа. Нэгэн нартай намар хадмынх нүүх болж хүргэн хүү хүчтэйг үзүүлэх гэж зориг гарган очив оо.

Хадам ээж маань намайг хараад нээрээ л гурван удаа андуурахаас аргагүй л содон төрхтэй хүү юм гэж билээ. Ингэж нэг айлд дөрвөн өөр төрхөөр дөрвөн удаа хүргэн орсон билээ.

Н.Түмэнжаргал

Хуваалцах