Нэг тэрбум ам.доллар олсон “Тоглоомын түүх – 4” анимейшн Оскар хүртлээ
шилдэг анимейшн төрөлд “Тоглоомын түүх – 4” бүтээл ялалт байгууллаа.
Мэдээллийн алба

Америкийн кино академийн 92 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын шилдэг анимейшн төрөлд “Тоглоомын түүх – 4” бүтээл ялалт байгууллаа. “Pixar” студийн хамгийн алдартай бүтээлийн нэг "Тоглоомын түүх" анимэйшн киноны шинэ анги өнгөрсөн оны зургаадугаар сарын 21-нд дэлхий даяар нээлтээ хийсэн.
Тус бүтээл нээлтээ хийсэн долоо хоногтоо АНУ-ын зах зээлээс 118-125 сая, олон улсаас 120 сая ам.доллар цуглуулснаар “box office”-ийг тэргүүлж, нийт ашиг орлого нь хэдийн 240 сая ам.доллар давсан. Тэгвэл нийт 200 сая ам.долларын өртгөөр бүтсэн “Тоглоомын түүх-4" нээлтээ хийснээсээ хойш буюу гурван долоо хоногийн хугацаанд 677 сая 800 мянган ам.долларын орлого олсон бөгөөд нийт орлого нь нэг тэрбум ам.доллар давсан билээ.
Сонирхуулахад, "Тоглоомын түүх" хүүхэлдэйн кино анх 1995 онд нээлтээ хийсэн бөгөөд гол дүрийн баатруудад Том Хэнкс, Тим Аллен, Дон Риклз болон бусад алдартай жүжигчин дуу оруулсан. Харин тус хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги 1999 онд нээлтээ хийсэн бол гуравдугаар анги нь 2010 онд үзэгчдийн хүртээл болж, нэг тэрбум ам.долларын ашиг орлого олсон байдаг.


















