"Нийслэлчүүд" дорнод бүсийн 3-р байрт дэвшлээ
Вашингтоны хоккейчид 13 оноотой болж, дорнод бүсийн 3-р байрт дэвшлээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн улирлын 82 тоглолтод лигийн 30 багийг амжилтаараа тэргүүлсэн, Александр Овечкин тэргүүтэй АНУ-ын нийслэл Вашингтог хотын баг энэ өдөр улирлын 9 дэх тоглолтоо Канадын “Виннипег Жетс”-ийн эсрэг хийлээ. Сүүлийн 2 тоглолтдоо дараалан алалт аваад байсан “Вашингтон Кэпиталс” тоглолтын эхнээс илүү нь байж, Карл Алзнер , Маркус Иоханссон нар тус бүр нэг гоолыг оруулсан.
Харин тоглолтын 3-р үед талбайн эзэн баг “Жетс”-ээс өдгөө 23 настай залуу довтолгооны хослол Марк Шайфли, Адам Лаури нар дараалан хаалганд шайбыг оруулж, тооны харьцааг 2:2 болгон тэнцүүлж чадсан. Гэсэн ч 3-р үеийн сүүлийн минутад "Нийслэлчүүдээс" Жэй Биегл улирлын эхний гоолоо оруулснаар багтаа бүтэн 2 оноог нь авчирсан юм.
Ингэснээр Вашингтоны хоккейчид 13 оноотой болж, дорнод бүсийн 3-р байрт дэвшлээ. Багууд энэ сарын 4-ний өдөр Вашингтон хотноо дахин тоглох хуваарьтай байна.


















