Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг иргэдээр хэлэлцүүллээ
Мэдээллийн алба

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг арваннэгдүгээр сарын 19-нд нийслэлийн нутгийн захиргааны Хангарди цогцолборт боллоо. Хэлэлцүүлэгт есөн дүүргийн иргэдийн төлөөлөл оролцож, авто зам шинэчлэх, зогсоол барих, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон байгууламж өргөтгөх, орон сууцны гадна талыг шинэчлэх саналаа хэллээ.
Нийслэлийн харьяа 45 байгууллагаас хөрөнгө оруулалтын 661 төсөл, арга хэмжээний санал ирүүлжээ. Үүнээс хоёр шатны эрэмбэлэлтээр 132 төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд тусгахаар сонгосон байна. Эдгээрт авто зам, нийтийн тээвэр, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, хот тохижилт, байгаль орчин, нийгмийн үйлчилгээний чиглэлийн ажлууд багтжээ.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 2,000 гаруй иргэнийг хамруулсан судалгаанд оролцогчдын 78 хувь нь авто замын түгжрэлийг Улаанбаатарын хамгийн тулгамдсан асуудал гэж нэрлэснийг хотын дарга Б.Пүрэвдагва танилцууллаа. Түгжрэлийг бууруулах хүрээнд хороолол доторх замын орц, гарцыг нэмэх, нийтийн тээвэр болон сургуулийн хүртээмжийг сайжруулах, дугуй унах нөхцөл бүрдүүлэхээр төлөвлөж буйг тэрбээр хэлэв.
Мөн Архивын ерөнхий газраас Тэмээтэй хөшөө хүртэл нэг удаад 310 зорчигч тээвэрлэх багтаамжтай орчин үеийн трамвай явуулах, Зунжингаас 7 буудлаар дамжин 32-ын тойрог хүртэл гүүрэн замаар их багтаамжийн нийтийн тээвэр нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг танилцуулжээ.
Орон нутгийн хөгжлийн сангийн 2027 оны хөрөнгө оруулалтын цахим санал асуулгад нийт 174,876 иргэн оролцсон байна. Үүнээс 96,155 нь хот тохижилт, байгаль орчны чиглэлээр, 46,094 нь хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр, 32,627 нь нийгмийн салбарын хөрөнгө оруулалтад санал өгчээ.
Хэлэлцүүлгийн үеэр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны иргэн Х.Гэрэлчимэг нийтийн эзэмшлийн талбайг зүлэгжүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх санал гаргав. Тус дүүргийн 2 дугаар хорооны иргэн Б.Лхагваорж автобусны тоог нэмэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, иргэдэд мэргэжил эзэмшүүлэх сургалт зохион байгуулах санал хэллээ.


















