“Никитон” хамтлаг Германд тоглолтоо хийнэ
тоглолтод үндсэн бүрэлдэхүүнээс гадна нэмэлт дуучин буюу “back vocalist” оролцох юм байна.
Мэдээллийн алба

Амьд хөгжмийн “Никитон” хамтлаг ирэх сарын 1-нд Герман улсын Берлинд, 9-нд Дюселдорф хотод тоглолтоо хийхээр болжээ. Классик рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг тус хамтлаг соёлын гавьяат зүтгэлтэн, ая зохиогч, тус хамтлагийн гоцлол дуучин Б.Батчулуун, соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч, даралтат хөгжимчин Б.Чинбат, соёлын тэргүүний ажилтан, гоцлол гитарчин Д.Өлзий-Орших, аргил гитарчин, саксофонч Ц.Цогтбаяр, залуу бөмбөрчин Н.Билгүүн нарын таван хүний бүрэлдэхүүнтэй. Дээрх тоглолтод үндсэн бүрэлдэхүүнээс гадна нэмэлт дуучин буюу “back vocalist” оролцох юм байна.
Дашрамд дуулгахад, “Никитон” хамтлагийн дээрх тоглолт Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог бөгөөд энэ тоглолтыг ГХЯ, ХБНГУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам дэмжин ажиллаж, ХБНГУ дахь “Mongolian Step” Монголын соёл урлагийн агентлагийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ уг төслийг удирдан зохион байгуулж байгаа аж.


















