Новак Жокович дасгалжуулагчаа халжээ
Дэлхийн шилдэг теннисчин, Сербийн алдарт Новак Жокович өөрийн дасгалжуулагч Борис Бекерийг ажлаас нь чөлөөлжээ.
Мэдээллийн алба

Дэлхийн шилдэг теннисчин, Сербийн алдарт Новак Жокович өөрийн дасгалжуулагч Борис Бекерийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Жокович энэ талаар “Бидний хамтын шийдвэр байсан” хэмээн мэдэгдсэн байна. Жокович герман дасгалжуулагч Бекертэй анх 2013 оны 12-р сард хамтран ажиллах гэрээ байгуулж байлаа.Тэрээр Борисоосөмнө 7 дасгалжуулагчтай ажиллаж байсан юм. Өдгөө 29 настай серби залуу хуучин дасгалжуулагч Бекерийн удирдлага дор гурван жил тоглохдоо олон бахдам амжилтыг үзүүлж байсан бөгөөд өөрийн замналын оргил мөчүүдийг өнгөрүүлсэн юм.
Тэд хамтран ажиллах хугацаандаа “Их Дуулга” тэмцээний цомыг 6 удаа хүртсэн бөгөөд дэлхийд нэр хүндээрээ тэргүүлэгч тэмцээн, дөрвөн “Их Дуулга”-д бүгдэд нь түрүүлсэн цөөн теннисчдийн тоонд багтаж чадсан. Мөн тэрээр энэ 11-р сар хүртэл дэлхийн чансааг тэргүүлж байсанбөгөөд чансааг тэргүүлэгчийн байр сууриа алдсан нь энэ шийдвэрийг гаргах голүндэс болсон юм. Гэсэн ч тэдний хамтын амжилт энд хүрээд өндөрлөж байна.

2016 оны эхний хагаст Новак Жоковичийн хувьд арвин амжилттай байсан. Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж, мөн өөрийн түрүүлж үзээгүй байсан Францын “Их Дуулга”-д түрүүлж чадсан. Гэвч энэ оны сүүлийн хагаст тийм ч өндөр амжилт үзүүлж чадаагүй. Тухайлбал “Уимбльдон”-д дөнгөж 3-р тойргийн тоглолтод хожигдсон нь түүний тамирчны замналын хамгийн муу үзүүлэлт болсон билээ. 2003 оноос мэргэжлийн чансаанд тоглож эхэлсэн тэрээр дэлхийн чансааг 1561 өдрийн турш өнгөлсөн бөгөөд "Их Дуулга" тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нийтдээ 12 удаа (Австрали-6, Франц-1,Уимбльдон-3, АНУ-2) аваргын цомыг хүртэж байлаа.

Сербийн алдарт теннисчний дараагийн дасгалжуулагч нь Испани мэргэжилтэн Пепе Имаз байх магадлал өндөр байна. Учир нь Имазын хувьд энэ оны дундаас Новак Жоковичийг дэмжин ажиллах болсон юм.


















