“Нүүр” бараагүй, “гар” үзэгчийн суудалд, “хоолой” наадмын нээлтийг доргиов
Энэ жилийн наадмын нээлтийн үйл ажиллагааны оргил хэсэг нь Харангын Лхагваа морин дэлэн дээр хийсэх шахам давхиж, “Толин хул” дуугаа наадамчдад хүргэсэн явдал байв.
Мэдээллийн алба

Энэ жилийн наадмын нээлтийн үйл ажиллагааны оргил хэсэг нь Харангын Лхагваа морин дэлэн дээр хийсэх шахам давхиж, “Толин хул” дуугаа наадамчдад хүргэсэн явдал байв. Түүний дууг наадамчин олон даган дуулж, суудлаасаа өндөлзөн алгаа ташин, уухайлах нь олны сэтгэлд үнэхээр нийцсэн сонголт байв. Өнгөрсөн жилийн наадмаар Харангын Лхагваа, Номин талстын Дээгий, Хар сарнай Амараа буюу “ах дүү гурав” өнгөрсөн наадмын нээлтэд ая дуугаа өргөж байсан бол энэ жил гараараа дуулдаг гэх Хар сарнай Амараа үзэгчийн суудалд энхэр хүүхэдтэйгээ тухалж, нүүрээрээ дуулдаг гэх Дээгийгийн бараа сураг харагдсангүй. Харин жинхэнэ чадалтай хоолой, олныг доргиосон чансаатай уран бүтээлтэй Харангын Лхагваа наадамчин олныг уухайлуулж чадлаа.


















