О.Ууганбаатар: “Монголын нинжа дайчид” тэмцээн дахиж зохиогдвол хамгийн түрүүнд бүртгүүлнэ
-Таны хувьд оногдсон даалгавараа сайн гүйцэтгэсэн ч харамсалтай нь хугацаандаа амжаагүй. Юунаас шалтгаалсан гэж бодож байна вэ? -Гутлын ул, гар их халтирч гулгаад ярвигтай юм байн билээ. Нэлээн л авхаалж самбаа шаардсан, сайхан шоу болсон. Дахиж зохиогдвол хамгийн түрүүнд бүртгүүлж ялагч болохыг хич
Мэдээллийн алба

Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй жүдоч, Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин, ОУХМ Отгонбаатарын Ууганбаатартай ярилцаж, МҮОНТ-ээс зохион байгуулж буй “Монголын нинжа дайчид” тэмцээнд оролцсон сэтгэгдлийг нь сонсов. Сонирхуулахад, тэрбээр ДАШТ-д хоёр ч удаа V байрт шалгарч байснаас гадна Азийн АШТ-ий хошой хүрэл, улсын таван удаагийн алтан медаль хүртэж байсан билээ.
-Өчигдөр таны оролцсон шоу үзэгчдэд хүрлээ. Үзэгчид хэрхэн хүлээж авав. Тань руу холбогдож байна уу?
-Их сайхан хүлээж авч байна билээ. Ялангуяа найзууд, гэр бүлийнхэн маань тэсэн ядан хүлээж байгаад үзсэн гэсэн.
-Энэ тэмцээнд оролцоход юу нөлөөлсөн бэ?
-“Энэ шоуг хэрвээ Монголд болох юм бол өөрийгөө сориод үзнэ ээ” гэж бодож байсан тэгээд л оролцсон.
-Аль улсад болсон нь хамгийн их таалагдсан бэ. Мөн телевизээр үзэж байхдаа хялбар юм шиг санагддаг байсан уу?
-АНУ-д болдгийг нь үзэж байсан. Телевизээр үзэж байхдаа “Гайгүй юм байна” гэж харж байсан ч биеэрээ мэдрэхээрээ хүнд юм байна шүү.
-Таны хувьд оногдсон даалгавараа сайн гүйцэтгэсэн ч харамсалтай нь хугацаандаа амжаагүй. Юунаас шалтгаалсан гэж бодож байна вэ?
-Гутлын ул, гар их халтирч гулгаад ярвигтай юм байн билээ. Нэлээн л авхаалж самбаа шаардсан, сайхан шоу болсон. Дахиж зохиогдвол хамгийн түрүүнд бүртгүүлж ялагч болохыг хичээнэ ээ.
- Тэмцээний зохион байгуулалт ямар санагдсан бэ?
-Тэгэлгүй яах вэ, зохион байгуулалт маш өндөр болсон. Олон улсын жишигт тэнцэхээр байсан шүү. Бусад оролцогчид ч ам сайтай, сэтгэл хангалуун байсан.
-Бөхийн спортоор хичээллэдэг тань давуу тал болох байх гэж үзэгчид харж байсан. Ер нь энэ спортын ач тус гарсан биз дээ ...
-Бөхийн спортын ачаар л нэгдүгээр үеийг давж, хоёрдугаар даалгавар руу орсон байх.
-Энэ тэмцээний бэлтгэлээ хаана хийсэн бэ. Хангалттай хийж амжсан байсан уу?
- Жүдогийн бэлтгэлээ хийж байгаад л орсон. Тусгайлан бэлтгэл хийж амжаагүй ээ.
-Өөрийн тань хувьд хамгийн хэцүү даалгавар юу байсан бэ?
-Хоёр шилний хооронд явах л жаахан хэцүү байлаа. Тоосжилт ихтэй халтиргаатай юм билээ. Манай нөхцөлд заал юм уу вакум орчинд хийвэл зүгээр юм шиг санагдсан.
-Хэрвээ цагтаа амжсан бол дараагийн шатанд яах байсан бол ...
-Ер нь давчих байх гэж бодож байсан. Түүнээс биш хугацаа дуусчих вий гэж сандарч, тэвдээгүй. Ямарч байсан даалгавараа дуусгах ёстой л гэж бодож, зүтгэсэн ч даанч амжаагүй. Ядаж 20 сэкунд байсан бол болчих байлаа.
-Ер нь өөрийгөө хэддүгээр шат хүртэл явна гэж бодож, төлөвлөж байсан бэ?
-Хоёрдугаар үеийг давчуул болчих байх гэж бодож байсан.
-Таныг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар турникэд сайн гэж байсан. Өөртөө бардсан тал байгаагүй биз дээ ...
-Тийм зүйл байгаагүй ээ. Турникт сайн хичээллэдэг байсан минь эерэгээр нөлөөлснийг хэлэх хэрэгтэй байх.
-Ярилцсанд баярлалаа.


















