Олон улсын кино наадам монгол киногоор нээлтээ хийнэ
“Улаанбаатар” олон улсын анхдугаар кино наадам монгол киногоор нээлтээ хийнэ.
Мэдээллийн алба

“Улаанбаатар” олон улсын анхдугаар кино наадам монгол киногоор нээлтээ хийнэ.
Кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, дэлхийн сор болсон киног монголчуудын хүртээл болгох зорилготой тус наадам ирэх аравдугаар сарын 3-10-ны өдрүүдэд болох юм.
Уг наадамд Монгол, Америк, Ази, Европын 20 гаруй найруулагч, продюсер, уран бүтээлч болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцох бөгөөд наадмын нээлт аравдугаар сарын 4-нд "Тэнгис” кино театрт болохоор төлөвлөгдсөн байна.
Тиймээс энэхүү наадмыг нээж хамгийн түрүүнд дэлгэцнээ гарах монгол киног шалгаруулахаар болжээ. Уран бүтээлчид наймдугаар сарын 1-нээс өмнө бүтээгдсэн киногоо шалгаруулалтад оролцуулах боломжтой бөгөөд хүсэлтийг тус сарын 26 хүртэл хүлээн авах юм байна.
Зохион байгуулагчдын зүгээс эл олон улсын наадмыг нээх монгол киног есдүгээр сарын 5-нд зарлана хэмээн мэдэгдлээ.


















