ОУТХ-ны удирдлагууд цахимаар хуралдлаа
тамирчид, дасгалжуулагч, шүүгч, ивээн тэтгэгч, үзэгчдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан тохиолдолд уралдаан тэмцээнээ аль болох хурдан нээх аж.
Мэдээллийн алба

Олон улсын триатлоны холбоо(ITU)-ны ерөнхийлөгч, Олон улсын олимпын хорооны гишүүн Марисол Касадо, Азийн триатлоны холбооны ерөнхийлөгч Жастин Пак нар Азийн триатлоны зүтгэлтнүүдтэй өчигдөр цахимаар “COVID-19”-ийн халдварын улмаас үүсээд буй нөхцөл байдлын талаар хуралджээ.
Хуралд оролцсон Азийн 32 орны триатлоны удирдлагууд өөрсдийн тус тусын байдлыг товч танилцуулж, сонирхсон асуултдаа ITU-гийн ерөнхийлөгчөөс хариулт авав. Ихэнх оронд нэгдсэн бэлтгэлийг зогсоож, тамирчид ганцаарчилсан болон цөөнхийн (2-4 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй) бэлтгэл хийж буйг өгүүлэв. Харин бассейн, фитнессийг бүх оронд хаасан тул усанд сэлэлтийн бэлтгэл хийх боломжгүй байгаа юм.
Ташрамд дуулгахад, триатлоны спортын уралдаан тэмцээн, сургалт зөвлөгөөн, кэмп бэлтгэл зэрэг бүхий л үйл ажиллагааг дэлхий даяар 2020 оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл хойшлуулсныг саяхан сунгаж, зургаадугаар сарыг дуустал хойшлуулсан. Цаашид нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг одоогоор хэлэхэд эрт бөгөөд уралдаан тэмцээнээ тамирчид, дасгалжуулагч, шүүгч, ивээн тэтгэгч, үзэгчдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан тохиолдолд аль болох хурдан нээх аж.


















