“Парибас Мастерс” тэмцээний 2-р тойрог эхэллээ
Эрэгтэйчүүдийн мэргэжлийн талбайн теннисний холбооны чансаа олгох “Парибас Мастерс” тэмцээн Францын нийслэл Парис хотноо 3 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний 2-р тойргийн тоглолтууд эхэлж, шилдэг 16-д өрсөлдөх тамирчид эхнээсээ тодорлоо.
Мэдээллийн алба

Эрэгтэйчүүдийн мэргэжлийн талбайн теннисний холбооны чансаа олгох “Парибас Мастерс” тэмцээн Францын нийслэл Парис хотноо 3 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний 2-р тойргийн тоглолтууд эхэлж, шилдэг 16-д өрсөлдөх тамирчид эхнээсээ тодорлоо. Тэмцээнийг зохион байгуулагч Франц улсын тамирчин, дэлхийн чансааны номер 19 Ришар Гаске энэ өдөр АНУ-ын тамирчин Стив Жонсонтой оноолт тааран тоглож, 6:4, 7-6-гийн харьцаатай 2 үеийн тоглолтод буулган авсан юм. Ингэснээр дэлхийн чансааны 33-рт эрэмбэлэгдэж байгаа Стив Жонсон тэмцээнийг энд хүрээд өндөрлүүлж байна. Харин Ришар Гаске шөвгийн 16-д Доминик Дэйм болон АНУ-ын алдарт тамирчин Жэк Сок нарын хэн ялсантай нь учраа таарна.
4.300.755 еврогийн шагналын сантай энэ тэмцээний 2-р тойрогт Канадын Милош Раонич Испанийн Пабло Каррено-Буста нар учраа таарсан. Тоглолт 76 минут үргэлжилж, дэлхийн чансааны 5-рт бичигдэж байгаа 25 настай Милош Раонич өрсөлдөгчөө 7:6, 6:4-н харьцаатай 2 үеийн тоглолтод төвөггүйхэн хожсон. Ингэснээр энэ цаг үеийн шилдэг залуу теннисч Раонич шилдэг 16-д өрсөлдөх эрхээ авлаа.
Мэргэжлийн талбайн теннисний шилдгүүдийн нэг, Чехийн алдарт Томаш Бердих шилдэг 16-д өрсөлдөх эрхийн төлөө Португалийн Жоао Соузатай оноолт тааран өрсөлдлөө. Тоглолт 3 үеийн турш эн тэнцүүхэн өрсөлдөөнтэй болж, дэлхийн чансааны 11-рт бичигдэж байгаа 31 настай Бердих 6:3, 3:6, 7:5-н харьцаатай хүндхэн тоглолтоос ялалтыг авч чадсан юм. “Парибас Мастерс” тэмцээн энэ сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилж, ялагчдаа тодруулна.


















