"Пепси лиг"-ийн 3-р тойргийн тойм
Хэсэг хугацаанд завсарлаад байсан "Пепси лиг”-ийн 3-р тойргийн тоглолтууд энэ амралтын өдрүүдээр тун сонирхолтойгоор үргэлжлэн явагдлаа.
Мэдээллийн алба

Монголын хөлбөмбөгийн холбоо, “Пепси” брэндтэй хамтран футзалын дээд лигийн АШТ-ийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Хэсэг хугацаанд завсарлаад байсан "Пепси лиг”-ийн 3-р тойргийн тоглолтууд энэ амралтын өдрүүдээр тун сонирхолтойгоор үргэлжлэн явагдлаа. Багуудын чансаа, нэр хүнд, цар хүрээгээрээ улсдаа тэргүүлэгч “Пепси” дээд лигийн тэмцээнд энэ жил шалгарсан шилдэг 11 баг өрсөлдөж байна. Тэмцээний 3-р тойргийн хүрээнд нийтдээ 5 тоглолт болсон. Үүний 3 нь бямба гарагт явагдаж, эхний тоглолтод “Соёмбын Барсууд” баг өрсөлдөгч “Арвис” клубыг 5:4-н харьцаатай хүндхэн тоглолтод хожиж, лигийн эхний ялалтаа авсан.

Дараагийн тоглолт эхний 2 тойргийн дараах байдлаар адил 2 хожилтой лигийг тэргүүлж байсан “Дэрэн” болон “Хоромхон” клубуудын хооронд өрнөсөн.

Өнгөрсөн жилийн “Пепси лиг”-ийн тэмцээнд хүрэл медалийн төлөө хүчтэй өрсөлдөж байсан шилдэг багуудын тоглолтод энэ өдөр лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй “Дэрэн” клубын баг тамирчид хүчтэй 4:0-ийн харьцаатай хожсон. Б.Гарьдмагнай ахлагчтай “Дэрэн” клубын залуус ингэснээр эхний 3 тоглолтод дараалан хожсон амжилтаараа “Пепси” дээд лигийн тэмцээнийг тэргүүлж эхэллээ.

"Пепси лиг"-ийн гуравдугаар тойргийн гурав дахь тоглолт эхний жилдээ дээд лигийн тэмцээнд дэвшин тоглож байгаа “Бумаасанаа” болон “Атлетик 220” багуудын хооронд болж, тамирчид талбайд 2 үеийн 40 минутын турш ширүүн өрсөлдсөний эцэст 6:5-ын харьцаатай “Атлетик 220” клуб хожсон. Тэд эхний 3 тойргийн дараах байдлаар 2 ялж, 1 тэнцсэн амжилттайгаар 7 оноотой, хүснэгтийн 2-р байрт лигийг үргэлжлүүлж байна.

Лигийн 3-р тойргийн сүүлийн 2 тоглолт ням гарагт болж, эхний тоглолтод 2016 оны футзалын УАШТ-д түрүүлж, дээд лигийн тэмцээнд өрсөлдөх эрхээ авсан “Гоёо” клуб “Улаанбаатарын Мазаалайнууд” клубтэй учраа таарч, 4:3-н харьцаатай хожлоо. “Гоёо” клуб ингэснээр улирлын 2 дахь хожлоо авч байгаа юм.

Энэ өдрийн 2 дахь 3-р тойргийн сүүлийн тоглолтод өнгөрсөн жилийн “Пепси” дээд лигийн тэмцээний алт, мөнгөн медалийн эзэн "Унаганууд" болон “Хангарьд" клубуудын хооронд боллоо.

Монгол улсын футзалын дээд лигийн тэмцээнд сүүлийн 3 жил дараалан түрүүлээд байгаа “Унаганууд”-ын хувьд энэ сарын 4-ний өдөр ОХУ-ын “Улан Үдэ” хотноо эхэлсэн “Горсоветын цом” олон улсын тэмцээнд амжилттай оролцоод эх орондоо хүрэлцэн ирсэн юм. ”Унаганууд" өнгөрсөн жилийн “Пепси лиг”-ийн тэмцээнд нэг ч хожигдолгүй түрүүлж байсан бол М.Отгонбаяр дасгалжуулагчтай ”Хангарьд”-ын залуус ”Унаганууд”-ад нэг хожигдсоноор удаах байрт шалгарч, мөнгөн медаль хүртэж байсан. “Унаганууд”-ын хожлын цуврал энэ өдөр ч үргэлжилж өрсөлдөгчөө 7:3-н харьцаатай хожиж, Пепси дээд лигийн тэмцээний 2 дахь ялалтаа авч байна.

Ийнхүү өнгөрсөн 12-р сарын 17-ны өдөр эхэлсэн "Пепси" лигийн тэмцээний 3-р тойргийн хүрээнд 5 тоглолт болж өндөрлөлөө. Дээд лигийн тэмцээний аваргууд 3-р сарын 19-ий өдөр тодрох юм. Одоогоор лигийн багуудын үзүүлээд буй амжилт болон мэргэн буучдын жагсаалтыг та бүхэн доорхи хүснэгтээс үзнэ үү.



















