Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Пепси лиг"-ийн 4-р тойргийн тойм

МХБХ-ны футзалын ордонд “Пепси” дээд лигийн тэмцээний тойргийн тоглолтууд үргэлжиллээ. Энэ удаад тэмцээний хүрээнд 5 тоглолт болсоноор “Пепси лиг”-ийн 4-р тойрог өндөрлөсөн.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
"Пепси лиг"-ийн 4-р тойргийн тойм
"Пепси лиг"-ийн 4-р тойргийн тойм. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд МХБХ-ны футзалын ордонд “Пепси” дээд лигийн тэмцээний тойргийн тоглолтууд үргэлжиллээ. Энэ удаад тэмцээний хүрээнд 5 тоглолт болсоноор “Пепси лиг”-ийн 4-р тойрог өндөрлөсөн.

Бямба гарагт болсон эхний тоглолтод “Улаанбаатарын Мазаалайнууд” өрсөлдөгч “Соёмбын барсууд” багийг 8:2-ын харьцаатай илт илүүрхэн хожсон.

Ингэснээр тэд тэмцээний эхний 3 оноого авч байна. "Пепси лиг"-ийн сүүлийн хоёр байрт орсон баг ирэх жил футзалын УАШТ-д оролцох учраас амжилт муу байгаа багууд ч доош унахгүйн төлөө хүчтэй өрсөлдөж байна.

Тэгвэл “Унаганууд", "Атлетик 220" клубыг 9:2-ын харьцаатай хожиж, энэ жилийн 3 дахь ялалтаа авлаа. Өнгөрсөн жилийн лигийн тэмцээнд 11 дараалан хожин түрүүлсэн “Унаганууд" ийнхүү футзалын дээд лигийн тэмцээнд 14 дараалан хожсон амжилтад хүрээд байна.

Ням гарагт буюу өчигдөр лигийн талбайд 3 тоглолт боллоо. Эхний тоглолт хүчирхэг бүрэлдэхүүнтэй “Хоромхон”, “Сэлэнгэпресс” багуудын хооронд өрнөсөн. Энэ тоглолтод “Хоромхон” клубын залуус 12:5-ын харьцаатай өрсөлдөгчөө хожиж, тэмцээний 3 дахь ялалтаа авчээ. “Хоромхон” клубын шилдэг мэргэн бууч Н.Наранболд энэ өдөр 5 гоол оруулж, багийнхаа хожилд чухал үүргийг гүйцэтгэсэн. Мөн монголын футзалын шигшээ багийн тамирчин Хүрэлбаатарын Цэнд-Аюуш, Алтанзулын Улсболд нар тус бүр 3 гоолыг өөрийн нэр дээр бүртгүүлжээ. “Хоромхон” ингэснээр “Пепси лиг”-ийн хүснэгтийн 3-р байрт дэвшлээ.

Дараагийн тоглолтод М.Отгонбаяр дасгалжуулагчтай хүчирхэг “Хангарьд” клуб “Арвис” клубтэй лигийн 3 дахь тоглолтоо хийлээ.

4-р тойргийн онцлох тоглолтоор нэрлэгдэж байсан энэ учраанд үндэсний шигшээ багийн тамирчин Э.Баасандоржоор ахлуулсан “Арвис” клубын залуус өрсөлдөгчөө 5:3-ын харьцаатай хожиж, энэ тойргийн онцлох шуугианыг дэгдээсэн. Ингэснээр “Арвис” эхний 4 тоглолтоос 7 оноо авсан амжилттай “Пепси лиг”-ийг үргэлжлүүлж байна.

Тэмцээний 4-р тойргийн сүүлийн тоглолтод лигийг 3 дараалан хожсон амжилттай эхлүүлсэн “Дэрэн” клуб “Бумаасанаа” багтай учраа таарлаа. Лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй “Дэрэн” клубээс багийн ахлагч Б.Гарьдмагнай 2 гоол оруулсан бол багийн шилдэг довтлогч А.Тэмүүжин 3 гоол оруулж, “Дэрэн” өрсөлдөгчөө 5:3-ын харьцаатай яллаа. Лигийн эхний 4 тоглолтдоо 100 хувийн амжилт үзүүлж, 12 оноотой болсон “Дэрэн” клуб ийнхүү тэмцээний тэргүүн байраа хадгалан үлдлээ.

Хуваалцах