"Подольскийн сонсогчид" түүхэн кино тавдугаар сарын 8-нд Монголын үзэгчдэд хүрнэ
Москвагийн бэхлэлтийн тулааны эцсийн шугам руу Подольскийн цэргийн хоёр сургуулийн гурван мянга таван зуун орчим сонсогч болон тэдгээрийн дарга нарыг хамт илгээсэн бөгөөд ихэнх нь буцаж чадаагүй
Мэдээллийн алба

1945 оны Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 75 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Соёлын яамны дэмжлэг болон иргэдийн хандиваар "Военфильм" кино студи "Подольскийн сонсогчид" хэмээх цэргийн түүхэн бүрэн хэмжээний уран сайхны киног энэ жил бүтээсэн. Тэгвэл ОХУ-ын ГХЯ-ны харьяа Холбооны гүйцэтгэх засаглалын байгууллага(Россотрудничество)-ын Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Оросын соёл шинжлэх ухааны төв(РЦНК) тус бүтээлийг ирэх тавдугаар сарын 8-наас Монголын үзэгчдэд хүргэхээр болжээ.
Эх орны дайны эхэн үе буюу 1941 оны аравдугаар сард Подольскийн сонсогчдын байгуулсан баатарлаг гавьяаны тухай өгүүлэх уг уран бүтээлийг Россотрудничество дэлхийн 81 оронд буй 98 суурин төлөөлөгчийн газар, Оросын соёл, шинжлэх ухааны төвүүдээрээ дамжуулан анх удаа олон улсын үзэгчдэд үзүүлэхээр зэхэж байгаа аж.
Тус бүтээлд Подольскийн их бууны болон явган цэргийн сургуулийн 3500 гаруй сонсогчийг Ильинскийн галын шугаман дээр бэхлэлт хийж, фашистын түрэмгийлэгчдийн эсрэг 43 дугаар армийн байнгын ангиудтай хамт нэмэлт хүч иртэл довтолгоог тогтоож байхыг тушаадаг.
Ийн өчигдөрхөн бодож санах юмгүй явсан цэл залуухан хөвгүүд өөрсдөөс нь хэд дахин их хүчтэй Германы фашистуудыг арван хоёр өдрийн турш Москва орох замд саатуулахдаа ихэнх нь халуун амиа зольжээ.
Ташрамд дуулгахад, Москвагийн бэхлэлтийн тулааны эцсийн шугам руу Подольскийн цэргийн хоёр сургуулийн гурван мянга таван зуун орчим сонсогч болон тэдгээрийн дарга нарыг хамт илгээсэн бөгөөд ихэнх нь буцаж чадаагүй юм.


















