С.Жавхлан, Т.Баясгалан нар хөдөөг зорилоо
Хоёр дуучин Өвөрхангай аймгийн зудтай сумаас эхлэх гэнэ.
Мэдээллийн алба

Нэгэн үе зохиолын дууны ханхүү, гүнж гэгдэж явсан, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар зудтай аймгуудад хандив өргөхөөр өнөөдөр Чингисийн талбайгаас хөдөллөө. Тэд энэ сарын 14-16, 17, 19-нд Монгол бөхийн өргөөнд “Илгээлтийн эзэд” тоглолтоо үзэгчдэд өргөн барьсан. Тэрхүү тоглолтынхоо орлогоор өвс, тэжээл, нэмнээ, бээлий зэргийг авчээ. Мөн үзэгчид ч тэдэнд өөрийн цуглуулсан, оёсон нэмнээ, бээлий, өвс худалдаж авах мөнгийг тоглолтынх нь үеэр хандивласан юм. Хоёр дуучин хандиваа Өвөрхангай аймгийн зудтай сумаас эхлүүлэх гэнэ.
Тэдэнтэй Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ, Онцгой байдлын Ерөнхий газар хамтран ажиллажээ. Мөн БСШУЯ-наас "Нэг хүүхэд-Нэг нэмнээ", "Малчин оюутан" зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.



















