Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Сан Хосе Шаркс” 3 дараалан хожлоо

“Сан Хосе Шаркс” 3 дараалан хожлоо

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сан Хосе Шаркс” 3 дараалан хожлоо
“Сан Хосе Шаркс” 3 дараалан хожлоо. Зураг: МҮОНРТ

Үндэсний хоккейн лиг (ҮХЛ)-ийн 100 дахь улирлын тэмцээн эхлээд хоёр сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Өнөөдөр Хойд Америкийн мөсөн талбайд хоёр тоглолт боллоо. Лигийн дорнод бүсийг тэргүүлж байгаа алдарт “Монреаль Канадиенс” өнөөдөр тэмцээний хүчтэй өрсөлдөгч, лигийн өнгөрсөн улирлын дэд аварга “Сан Хосе Шаркс”-ын талбайд зочиллоо. Энэ өдрийн оргил тоглолтод багууд тун ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн. Тоглолт эхлээд 5 минутын дараа Брент Бернсийн оруулсан гоолоор “Аварга загасууд” тоглолтыг тэргүүлээд эхэлсэн.

Багтайгаа 8 жилийн гэрээг дахин байгуулаад байгаа Канад хамгаалагч Бернс улирлын 10 дахь гоолоо ийн оруулсан. Тэрээр мөн 12 оновчтой дамжуулалтыг өгөөд байгаа юм. Улмаар энэ үеийн төгсгөлд багийн шилдэг довтлогч Жо Павелски тооны харьцааг 2:0 болгон холдуулсан.

Тоглолт “Шаркс”-ын тэргүүлэл дор үргэлжилсээр 2:1-ийн харьцаатай өндөрлөсөн. Монреалын хоккейчдоос нэр төрийн нэг гоолыг Арттури Лехконен хаалганд оруулсан. Сан Хосе хотын хоккейчдоос багийн хаалгач Мартин Жонес шилдэг тоглолтоо үзүүлж, энэ тоглолтын баатраар тодорсон. Тэрээр эсрэг багийнхаа гүйцэтгэсэн 32 цохилтын 31-ийг нь амжилттай хаасан. “Шаркс” улирлын 15 дахь ялалтаа ийнхүү авч, 31 оноотой болсоноор өрнөд бүсийн 3-р байраа хадгалан үлдлээ. Харин Стэнлийн цомын 24 удаагийн эзэн, 107 жилийн түүхтэй алдарт “Монреаль Канадиенс” 24 тоглолтоос 34 оноо авсан амжилтаараа дорнод бүсийг тэргүүлсэн хэвээр үлдлээ.

Хуваалцах