Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Серена Уильямс "Их дуулга"-д 19 дэх удаагаа түрүүллээ

Талбайн теннисийн энэ оны анхны "Их дуулга" болох "Австралийн нээлттэй тэмцээн"-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд дэлхийн манлай теннисчин АНУ-ын Серена Уильямс түрүүллээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Серена Уильямс "Их дуулга"-д 19 дэх удаагаа түрүүллээ
Серена Уильямс "Их дуулга"-д 19 дэх удаагаа түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Талбайн теннисийн энэ оны анхны "Их дуулга" болох "Австралийн нээлттэй тэмцээн"-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд дэлхийн манлай теннисчин АНУ-ын Серена Уильямс түрүүллээ.

Мельбурн хотноо болж буй тус тэмцээний 13 дахь өдөр эмэгтэйчүүдийн аваргын төлөөх тоглолт АНУ-ын Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова нарын хооронд болоход 6:3, 7:5 /7:5/-аар дэлхийн манлай теннисчин ялалт байгууллаа. Тоглолт хоёр цаг орчим үргэлжилсэн байна.

Серена Уильямсын хувьд тус тэмцээнд түрүүлснээр "Их дуулга"-ын 19 дэх цомоо хүртэж байна. Мөн тэрээр "Австралийн нээлттэй тэмцээн"-ий зургаа дахь түрүүгээ хүртлээ.

Дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж буй Мария Шарапова 11 жилийн ялагдлаа зогсоож чадсангүй. Тэрээр хамгийн сүүлд буюу 2004 онд шилдэг найман теннисчин оролцдог “WTA Championships” тэмцээний финалд Серенаг хожиж байжээ. Харин түүнээс хойш тэд 15 удаа таарахад бүгдэд нь Серена хожиж байсан бол энэ удаа ч түүнийг барсангүй. Одоо тэдний тоглолтын харьцаа 17-2 болж, Серена түүнээс илүү гэдгээ дахин харууллаа.

103 дахь удаагийн "Австралийн нээлттэй тэмцээн"-ий нийт шагналын сан 40 сая австрали долларт багтаж байгаагаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга гурван сая 100 мянган австрали доллар хүртэж, чансааны 2000 оноог авч байна. Харин дэд аварга нэг сая 550 мянган австрали долларын шагнал хүртэж, 1300 оноог чансаандаа нэмэрлэж байна.

Тус тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын шигшээ тоглолтод дэлхийн манлай теннисчин Сербийн Новак Жокович, дэлхийн чансааны зургаад бичигдэж буй Их Британийн Энди Маррей нар шалгарсан.

Серена Уильямс: /Их дуулгын түрүү 19/
"Австралийн нээлттэй тэмцээн" - 2003, 2005, 2007, 2009, 2010, 2015.
"Францын нээлттэй тэмцээн" - 2002, 2013.
"Уимблдон" - 2002, 2003, 2009, 2010, 2012.
"Америкийн нээлттэй тэмцээн" - 1999, 2002, 2008, 2012, 2013, 2014.

Мария Шарапова: /Их дуулгын түрүү 5/
"Австралийн нээлттэй тэмцээн" - 2008.
"Францын нээлттэй тэмцээн" - 2012, 2014.
"Уимблдон" - 2004.
"Америкийн нээлттэй тэмцээн" -2006.

Хуваалцах