Шатар сонирхогчдын ДАШТ болон өсвөрийн ААШТ-ий медальтнууд эх орондоо ирлээ
Шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медальт Э.Хулан, өсвөрийн ААШТ-ээс 2 мөнгөн медаль хүртсэн Г.Амартүвшин эх орондоо ирлээ
Мэдээллийн алба

Өсвөрийн шатарчдын 2017 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн 04-р сарын 01-10-ны өдрүүдэд Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдаж шар тивийн 17 орны нийт 387 тамирчин оюун ухаанаа сорин оролцсоноос манай улсын тамирчин, Дэлхийн Шатрын Холбооны мастер Ганзоригийн Амартүвшин 12 насны ангилаллын стандарт, рапид гэсэн 2 төрөлд тус тус мөнгөн медаль хүртсэн байна. Тамирчдыг өнөөдөр гэр бүл баг хамт олон, МШХ-ны удирдлагууд Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудалд баяр хүргэн угтан авсан юм.
Түүнчлэн энэ сарын 01-09-ний хооронд оюуны их спорт шатрын Сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Итали улсын Сполето хотноо болж, дэлхийн 61 орны 210 шатарчин оролцсоноос Дэлхийн Шатрын Холбооны мастер Э.Хулан мөнгөн медаль хүртжээ. Харин энэ тэмцээний Блиц төрөлд Дэлхийн Шатрын Холбооны мастер М.Гүнбаяр, Б.Боорчи нар тус тус мөнгөн медаль хүртэцгээсэн. Мөн шатрын “Монсчесс” клубын шатарчин Б.Баярмаа чансааны хамгийн өндөр онооны ангилалд өрсөлдөж, нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлсэн байна. Ингэснээр эмэгтэйчүүдийн 2300 хүртэлх рейтингийн ангилалд түрүүлсэн монголын анхны шатар сонирхогчдын дэлхийн аварга тамирчин болсон байна.


















