Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Улс төр

“Шинэ цагийн малчин” төслийг үндэсний хөтөлбөр болгон өргөжүүлэхээр төлөвлөж байна

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шинэ цагийн малчин” төслийг үндэсний хөтөлбөр болгон өргөжүүлэхээр төлөвлөж байна
“Шинэ цагийн малчин” төслийг үндэсний хөтөлбөр болгон өргөжүүлэхээр төлөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ цагийн малчин” төслийн оролцогчдыг 2026 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Хувийн хэвшлийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Шинэ цагийн малчин” төслийг өргөжүүлж, үндэсний хэмжээний хөтөлбөр болгохоор төлөвлөж байна. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тус төслийн оролцогчидтой уулзах үеэрээ мэдээллээ.

Малчдын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уламжлалт малч ухааныг орчин үеийн технологитой хослуулахад хөтөлбөрийг чиглүүлэхээр төлөвлөжээ.

Энэ хүрээнд тэжээлийн үйлдвэрлэл, нөөцийг нэмэгдүүлж, малыг шимт тэжээлээр бордох, үүлдэр угсааг сайжруулах замаар малын ашиг шим, малчдын орлогыг өсгөхийг зорьж байна.

Мөн малын эрүүл мэнд, вакцинжуулалт, гарал үүслийн бүртгэлийг сайжруулж, орон нутагт мал аж ахуйн бүтээгдэхүүн цуглуулах, анхан шатны боловсруулалт хийх төвүүдийг хөргөлт, хадгалалт, тээврийн сүлжээтэй холбохоор төлөвлөжээ.

Бэлчээрийн даацыг тогтоох, сэлгэн ашиглах, нөхөн сэргээх, худаг, уст цэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг ч хөтөлбөрт тусгахаар байгаа юм.

Түүнчлэн 200 мянган малчин өрхийг өндөр хурдны интернэтэд холбож, төрийн болон бусад үйлчилгээг малчдад нүүдэл суудлаас үл хамааран хүртээмжтэй хүргэхээр зорьж байгааг Ерөнхий сайд мэдээлэв.

“Шинэ цагийн малчин” төсөл нь малчдын хөдөлмөр, мал аж ахуйн онцлог, уламжлалт соёлыг олон нийтэд, ялангуяа залуу үед таниулах зорилготой бодит амьдралд суурилсан цуврал нэвтрүүлэг юм.

Төсөл санаачлагчдын тайлбарласнаар уг нэвтрүүлгээр дамжуулан уламжлалт малч ухааныг орчин үеийн арга технологитой хослуулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тооноос чанарт шилжүүлэх боломжийг харуулахыг зорьжээ.

Ерөнхий сайд Н.Учрал төслийн оролцогчдыг мал аж ахуйн салбарт залуусын оролцоог нэмэгдүүлэх, уламжлалт мэдлэг, шинэ технологи, бизнесийн арга барилыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриаллаа.

Хуваалцах