Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонгийн тухайд...

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонгийн тухайд...
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонгийн тухайд.... Зураг: МҮОНРТ

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон нь Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн одон бөгөөд анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байжээ.

Энэхүү одонг 2005 оноос эхлэн Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар анх тогтоосон байна.

Харин 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсноор тогтоолд өөрчлөлт оруулж “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн-“Монгол бахархлын өдөр”-өөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгаж, өдгөө энэхүү дэг жаягийг баримталж байгаа юм.


"ЧИНГИС ХААН" ОДОН

Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон нь үндэсний төрт ёс, түүх, соёлын уламжлалыг илэрхийлсэн өвөрмөц загвар, хийцтэй.

Одонгийн төв хэсэгт Их эзэн Чингис хааны дүрийг цагаан алтаар товойлгон урлажээ. Түүнийг хүрээлсэн хөх өнгийн тойрог дээр “Мөнх тэнгэрийн хүчинд”, “Чингис хаан Тэмүүжин” хэмээн худам монгол бичгээр алтан үсгээр бичсэн байдаг.

Одонгийн гадна хүрээг дөрвөн зүг, найман зовхисыг бэлгэдсэн алтан болон цагаан алтан цацрагаар чимэглэжээ. Тэдгээрийн дунд эв нэгдэл, бат бэхийн бэлгэдэл болсон багцалсан таван сумыг дүрсэлж, очир алмааз, бадмаараг зэрэг үнэт чулуу шигтгэсэн байна.

Одонг хүзүүнд зүүх зориулалттай алтан шаргал гинжин чимэглэлтэй холбосон бөгөөд зүүлтийн хэсэгт алтан соёмбо, бадам цэцэг, цагаан тугны дүрсийг урлажээ. Одон болон зүүлтэд нийт есөн цагаан туг дүрслэгдсэн нь Их Монгол Улсын төрийн уламжлалыг илэрхийлдэг.

Үндсэн одонгийн диаметр 100 миллиметр, Чингис хааны хөрөг байрласан төв дугуйн диаметр 32 миллиметр юм. Одон нь тус бүр хоёр миллиметрийн зузаантай гурван давхар хийцтэй. Их биеийг мөнгөөр урлаж, алт болон цагаан алтаар бүрэхээр загварчилжээ.

Түүнчлэн одонгийн 25 миллиметрийн диаметртэй бичил хувилбарыг энгэрт зүүх зориулалтаар бүтээсэн байдаг.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан иргэн, хамтлаг, байгууллагад хүртээдэг. Мөн Монгол Улсын түүх, соёлын өвийг судлан хамгаалах, дэлхий дахинд сурталчлан таниулах, олон улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гавьяа байгуулсан гадаадын иргэдийг уг одонгоор шагнадаг.

Энэхүү шагналыг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог.

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэгсэд:

Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  нийт 10 хүнийг шагнасан бөгөөд

  • 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат,

  • 2006 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав,

  • 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,

  • 2010 онд төр, нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Р.Гончигдорж,

  • 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди,

  • 2012 онд УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл,

  • 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном,

  • 2014 онд нэрт эрдэмтэн, физикч, академич Х.Намсрай,

  • 2015 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо,

  • 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар,

  • 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр,

  • 2019 онд The Hu хамтлаг,

  • 2021 онд сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа,

  • 2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин,

  • 2022 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов, АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Жак Уэтерфорд,

  • 2023 онд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулга,

  • 2024 онд НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн,

  • 2025 онд Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич С.Нарангэрэлд хүртээжээ.

  • Энэ жилийн хувьд Монгол Улсын Шинжлэх Ухааны академид хүртээхээр болсон байна.

“Чингис хаан” одонгоор шагнагдсан эрхэм нь дараагийн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдаж, жил бүрийн Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг авч, Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхийг эдэлдэг байна.

Хуваалцах