Сонгодог урлагийн үдэш болно
Нийслэлийн 375 жилийн ойг угтан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд сонгодог урлагийн үдшийн цэнгүүн Чингисийн талбайд болно.
Мэдээллийн алба

Нийслэлийн 375 жилийн ойг угтан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд сонгодог урлагийн үдшийн цэнгүүн Чингисийн талбайд болно. Цэнгүүн ирэх сарын 6-ны өдөр 21.00 цагаас “Best of Classic:Оpen air” цогц хөтөлбөрөөр үзэгчдэд хүрнэ. Тус үдшийн цэнгүүний ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газар ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, “Саунд оф Монголиа” компани зэрэг байгууллагууд ажиллаж байна.
Уг арга хэмжээ нь гадаа талбайд хийж буй бүрэн хэмжээний сонгодог томоохон анхны тоглолт бөгөөд сонгодог урлагийн үзэгчдэдээ улам ойртох, дэлхийн хэмжээний шилдэг бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгох зорилготой юм байна. Үзэгчдийн хувьд “Best of classic open air” цэнгүүний үеэр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, уран бүтээлийн хөтөлбөртэй танилцаж, цаашдын төлөвлөгөөнд өөрсдийн санал хүсэлтээ өгөх боломжийг тус театрын уран бүтээлчид олгож байгаа ажээ.


















