Стефан Крафт хоёр дахь түрүүгээ хүртлээ
Австрийн шинэ залуу шилдэг тамирчин Стефан Крафт өнөөдөр тэргүүлж, энэ жилийн 2 дахь түрүүгээ хүртлээ.
Мэдээллийн алба

Олон улсын цанын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг трамплин үсрэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн (ДЦАШТ)-ий энэ оны 16 дахь гараа ХБНГУ-ын Оберштдорф дахь цанын баазад боллоо. 38 дахь удаагийн трамплин үсрэлтийн ДЦАШТ-ий 16 дахь гараа тун ширүүн өрсөлдөөнтэй болж өнгөрсөн. Энэ өдрийн гараанд Австрийн шинэ залуу шилдэг тамирчин Стефан Крафт тэргүүлж, энэ жилийн 2 дахь түрүүгээ хүртлээ. Тэрээр эхний үсрэлтээрээ 227.5 метр замыг туулж, удаах оролдлогоороо 218.0 метр харайсан юм. Ингэснээр 439.9 оноогоор тэргүүн байр эзэлжээ. Тэгвэл энэ удаагийн гарааны уралдааныг зохион байгуулагч орон, Германы Андреас Веллингер дэд байр эзэлжээ. Тэрээр үүний өмнөх гараанд тэргүүн байр эзэлсэнээр Польшийн Кэмил Сточийн дараалан 5 гараанд түрүүлсэн амжилтыг зогсоогоод байсан юм. Дэлхийн цомын тэмцээнийг нийлбэр дүнгээр тэргүүлэгч Польшийн Кэмил Сточ энэ өдөр 3-р байрт шалгарсан. Сточ энэ өдөр 2 үсрэлтийн нийлбэрээр 425.4 оноо авчээ.

2014 оны дэлхийн цомын эзэн, Олимпийн наадмын хос алтан медальт, дэлхийн аварга Кэмил Сточ дэлхийн цомын тэмцээнийг 16 гарааны дараах нийлбэр дүнгээр 1038 оноотой тэргүүлж байна. Харин Норвегийн Даниел Андре Танде нийлбэр оноогоор түүнээс 135 онооны дутуутай хүснэгтийн удаах байрт тэмцээнийг үргэлжлүүлж байгаа юм.


















