Т.Тулга медалийн үзүүрээс атгаад алдлаа
Т.Тулга медалийн үзүүрээс атгаад алдлаа
Мэдээллийн алба

Өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, Тахтийн цом ОУТ-ий алт, Мадридын Гран-пригийн хүрэл, Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий мөнгө, хүрэл, “Монголиа Опен” ОУТ-ий хүрэл, Роман Дмитриев, Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий аварга, 2019 оны Монгол Улсын аварга, ОУХМ Т.Тулга Нур-Султаны ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд шагналт тавдугаар байрт орлоо.
Тэрбээр өчигдөр хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл, Азийн наадмын алт, мөнгөн медальт, Азийн хошой аварга Энэтхэгийн алдарт бөх Бажранг Пуньятай хүч үзсэн. Манай бөх өнгөрсөн жил Будапештын дэлхийн аваргад анх удаа зодоглохдоо шөвгийн наймд түүнд 3:5-аар ялагдаж байсан бол энэ удаа 7:8-аар тун харамсалтай дийлдлээ. Т.Тулга барилдааныг 6:2-оор хошуучилж яваад зургаан оноо дараалан алдаж ялагдав. Өдгөө 21 настай түүнд дэлхийн медаль тун ойрхон байлаа. “Токио-2020” олимпийн наадмын эрхээ авсан Т.Тулгад цаашид олон дэлхийн аваргад зодоглох боломж бий.


















