Таэквондогийн насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр эхэлнэ
Тэмцээнд Улаанбаатар хот, Багануур, Налайх дүүрэг, Булган, Говь-Алтай, Дорнод, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Ховд зэрэг аймаг, клуб нийлсэн 35 байгууллагын 180 тамирчин эрэгтэйчүүдийн найм, эмэгтэйчүүдийн зургаан жинд өрсөлдөх юм.
Мэдээллийн алба

Олимпийн таэквондогийн насанд хүрэгчдийн 24 дэх удаагийн УАШТ өнөөдөр Спортын төв ордонд 14:00 цагаас эхэлнэ.
Тэмцээнд Улаанбаатар хот, Багануур, Налайх дүүрэг, Булган, Говь-Алтай, Дорнод, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Ховд зэрэг аймаг, клуб нийлсэн 35 байгууллагын 180 тамирчин эрэгтэйчүүдийн найм, эмэгтэйчүүдийн зургаан жинд өрсөлдөх юм.
Дэлхийн таэквондогийн холбооны тэмцээний дүрмийн өөрчлөлтийг нэвтрүүлсэн цахим шүүлтийн системийн шинэ программыг Испани Улсын "Даедо" компани энэ сарын 17-нд дэлхий нийтэд түгээсэн. Энэхүү цахим шүүлтийн шинэ программыг Монгол Улс бусад улс орнуудаас хамгийн түрүүнд Таэквондогийн насанд хүрэгчдийн УАШТ-дээ хэрэглэх гэж байна.
"Токио-2020" олимпийн наадмын цикл эхэлж байгаатай холбогдуулан энэхүү тэмцээнээс медальт байрт шалгарсан тамирчдаас сонгон шалгаруулалт хийж, үндэсний шигшээ баг бүрдүүлэх гэнэ.
Монголын таэквондогийн холбооны тамирчид ирэх зургадугаар сард хоёр жил тутам зохион байгуулагддаг ДАШТ-нд оролцох ба тэмцээн БНСУ-ын Мужу хотод болно.
Мөн аравдугаар сард Их Британийн Лондон хотноо болох Пара-Таеквондогийн ДАШТ-д оролцох төлөвлөгөөтэй байна.


















