МҮОНРТ
ШУУРХАЙЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан
1/4
Гадаад мэдээ

Тайланд улс 2026 оны есдүгээр сарын 15-аас визгүй зорчих хугацааг бууруулна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Тайланд улс 2026 оны есдүгээр сарын 15-аас визгүй зорчих хугацааг бууруулна
Тайланд улс 2026 оны есдүгээр сарын 15-аас визгүй зорчих хугацааг бууруулна. Зураг: МҮОНРТ

Тайланд улс 60 хүртэл хоног визгүй зорчих тусгай зохицуулалтыг цуцалж, энэ оны 09 дүгээр сарын 15-аас эхлэн тодорхой улс, нутаг дэвсгэрийн иргэдэд 30 хүртэл хоног визгүй зорчих шинэ журам хэрэгжүүлэхээр болжээ.

Тус улсын Дотоод хэргийн яам визийн шаардлагаас чөлөөлөх бодлогод өөрчлөлт оруулахтай холбоотойгоор дөрвөн журмыг 08 дугаар сарын 31-ний өдөр Засгийн газрын албан ёсны хэвлэл болох “Royal Gazette”-д нийтэлсэн байна. Журам нийтлэгдсэнээс хойш 15 хоногийн дараа буюу 09 дүгээр сарын 15-аас хүчин төгөлдөр үйлчилж эхлэх бөгөөд одоогийн 60 хоногийн визгүй зорчих журам 09 дүгээр сарын 14-нийг дуустал үйлчилнэ.

Шинэ журмаар 2024 оны 07 дугаар сарын 15-аас хэрэгжиж эхэлсэн, 93 улс, нутаг дэвсгэрийн иргэдэд 60 хүртэл хоног визгүй зорчих боломж олгосон тусгай зохицуулалтыг хүчингүй болгож, визгүй зорчих хугацааг 30 хоног болгон бууруулжээ. Өмнөх зохицуулалтаар аялал жуулчлалаас гадна тодорхой төрлийн богино хугацаагаар хөдөлмөр эрхлэх, ажил хэргийн зорилгоор 60 хүртэл хоног оршин суух боломжтой байсан.

Дээрх зохицуулалтаар АНУ, Их Британи, Канад, Австрали зэрэг 60 улс, нутаг дэвсгэрийн иргэд Тайландад 30 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болох бол Маврики, Сейшелийн арлуудын иргэд 15 хүртэл хоног визгүй зорчиж, Азербайжан, Беларусь, Серби улсын иргэдэд хил дээр виз авах нөхцөл /Visa on Arrival/ үйлчилнэ.

Гуч хоног визгүй зорчих ангилалд хамрагдах иргэд Тайландын Цагаачлалын байгууллагын зөвшөөрлөөр оршин суух хугацаагаа нэг удаа, 30 хүртэл хоногоор сунгуулах боломжтой.

Харин шинэ зохицуулалтаас үл хамааран Тайланд улстай байгуулсан хоёр талын визгүй зорчих хэлэлцээрүүд хүчин төгөлдөр хэвээр үргэлжилнэ. Иймд хоёр талын хэлэлцээрт заасан визгүй зорчих хугацаа нь энэхүү шинэ ерөнхий зохицуулалтаас үл хамааран тусдаа үйлчилнэ.

Тухайлбал, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Казахстан, Лаос, Макао, ОХУ, Тимор-Лесте, Вьетнам зэрэг улсын иргэдийн хувьд холбогдох хоёр талын болон тусгай зохицуулалтын дагуу визгүй зорчих нөхцөл хэвээр хадгалагдана.

Хуваалцах