ОХУ-ын Эрхүүд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлыг үгүйсгэлээ
Мэдээллийн алба

Монгол Улс болон ОХУ-ын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр 2026 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лаборант тарваган тахал өвчний улмаас нас барсан байж болзошгүй талаарх мэдээлэл тархсан.
Уг мэдээлэлтэй холбогдуулан Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тус хүрээлэнд хандан, үйл явдлын талаар албан ёсны мэдээлэл хүссэн байна.
Үүний дагуу ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүний сайн сайхан байдлын хяналтын холбооны албанаас холбогдох хяналт, шалгалтын дүнг ирүүлж, тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдаагүй болохыг мэдээллээ.
ОХУ-ын РИА Новости мэдээллийн агентлагийн 2026 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн мэдээлэлд дурдсанаар, Эрхүү хот дахь тус хүрээлэнд тарваган тахлын үүсгэгч бичил биетэнтэй ажиллах явцад осол, зөрчил гараагүй бөгөөд лаборантын өвчлөл нь эрхэлж байсан ажилтай нь холбоотой болохыг тогтоогоогүй байна. Мөн өвчтөнөөс тарваган тахлын үүсгэгч болон бусад эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй бөгөөд түүнд “Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа” гэсэн онош тавьжээ.
Түүнчлэн Эрхүү болон Шелехов хотыг хамарсан бүс нутгийн эрүүл ахуй, халдвар судлалын нөхцөл байдал тайван байгаа бөгөөд биоаюулгүй ажиллагааны шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьсан комиссын дүгнэлтээр эмгэг төрүүлэгч бичил биетэнтэй ажиллах явцад ямар нэгэн осол, зөрчил гараагүй болохыг тогтоосон байна.
Иймд ОХУ-ын Эрхүү мужид тарваган тахлын тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэл нь албан ёсны хяналт, шалгалтаар батлагдаагүй болохыгЗоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэв.


















