“Тал нутгийн өнгө” хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийлээ
Тус үзэсгэлэн ирэх сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна
Мэдээллийн алба

Сүхбаатар аймаг эртнээсээ зураач, урчууд хийгээд үе дамжсан уран дархчуудаараа алдартай билээ. Тухайлбал, Монголын орчин цагийн дүрслэх урлагийг үндэслэгчдийн нэг ардын зураач Д.Амгалан гуайгаас эхлээд урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Д.Дамдимаа, Х.Цэгмэд, зураач Я.Оюунчимэг, Дарьгангын алдарт уран дархан М.Балдан-Осор, М.Зундуй гээд нутаг усныхаа нэр алдрыг дуурсгасан олон арван авьяастан энэ нутгийн бахархал юм.
Уран бүтээлийн баялаг түүх, намтартай өвөг дээдсийнхээ өвийг өнөө цагт тээн уламжилсаар ирсэн Сүхбаатар аймгаас төрөн гарсан авьяаслаг зураач урчуудын “Тал нутгийн өнгө” нэртэй уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн өчигдөр Монголын урчуудын хорооны үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Энэ үзэсгэлэнд ахмад зураач МУЭ-ийн гишүүн, зураач Ё.Бадарч, Б.Гантулга, Б.Буд, Я.Адьяа, Ж.Дүүрэнтөгс, уран дархан Ш.Даваадорж, Баатарчулуун болон одоо ид бүтээн туурвиж байгаа залуу үеийн төлөөлөл болох соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхтайван, МУЭ-ийн шагналт зураач М.Эрдэнэбаяр, Д.Булгантуяа, Д.Батзориг, Н.Амарсайхан, Д.Амараа зэрэг 40 орчим авьяаслаг уран бүтээлч шилдэг уран бүтээлээрээ оролцож, уран зураг, уран баримал, монгол зураг, ваар урлал, сийлбэр, уран дархан, уран бичлэг, чимэглэх урлагийн төрлөөр туурвисан нийт 60 орчим бүтээл үзэсгэлэнд дэлгэн тавьжээ.
Сонирхуулахад, Сүхбаатар аймгийн зураач, урлаачид анх 2011 онд тус аймгийн соёл, урлагийн өдрүүдээр нийслэлчүүдэд уран бүтээлээ танилцуулж байсан. Түүнээс хойш найман жилийн дараа ийн Сүхбаатар нутгаас төрөн гарсан авьяастнуудын бүтээлийн дээжийг нийслэлчүүд таалан соёрхох боломж нээгдэж буй нь энэ аж. Тус үзэсгэлэн ирэх сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.


















