Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Хосбаяр: Тусгаарлалтад орсон болохоор тамирчдын маань форм нойл заах нь ээ

-Бэлтгэлийн заалнаасаа зарим хэрэглэлээ авч ирүүлж, тамирчдынхаа бэлтгэлийг тасалдуулахгүй байх арга бий юу? -Харин тийм ээ. Янз бүрээр яриад л байна. Гэхдээ штанг авч ирж болох юм шиг яригдсан. Уг нь суултын тавиур, нэг ком штанг байхад болно л доо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ц.Хосбаяр: Тусгаарлалтад орсон болохоор тамирчдын маань форм нойл заах нь ээ
Ц.Хосбаяр: Тусгаарлалтад орсон болохоор тамирчдын маань форм нойл заах нь ээ. Зураг: МҮОНРТ

Монголын хүндийн өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяртай холбогдож, саяхан оролцоод ирсэн тэмцээнийх нь талаар болон ирэх тэмцээний төлөвлөгөөг нь сонсов.

Тэрбээр энэ сарын 3-9-ны хооронд АНУ-ын Охайо мужийн Колумбус хотноо болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд тамирчдаа ахалж, ганзага дүүрэн ирсэн билээ.

Гэхдээ одоогоор коронавирусээс сэргийлсэн тусгаарлалтад орж, "Багабаян" амралтад байрлаад байгаа юм.

-Сайн явж ирсэн үү та бүхэн. Саяхан болж өнгөрсөн “Дэлхийн цом”-ын талаар сонирхуулна уу?

-Сайн явж ирлээ. Дээрх тэмцээнд 750 орчим тамирчин оролцлоо. Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ М.Анхцэцэг мөнгөн медаль, -87 кг-ын жинд Э.Билэгсайхан тавдугаар байранд орж, олимпын оноогоо ахиуллаа.

-Дараагийн тэмцээн хаана болох вэ. Дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа коронавирусний улмаас хойшилсон гэсэн үү?

-Тийм ээ. Олимпын эрхийн оноо олгох гурван том тэмцээн хойшлогдчихлоо. Тамирчид эдгээр тэмцээнд заавал орж байж олимпын эрхийн оноо авах юм.

-Хэзээ, аль улсад болох байсан бэ?

-Казахстанд өнгөрсөн хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 1-ны хооронд, Узбекстанд ирэх дөрөвдүгээр сарын 12-ноос 21-ны хооронд болох байсан юм.

-Та бүхэн 14 хоног тусгаарлалтад байрлана. Бэлтгэлгүй ингэж удахад тамирчдын форм хэр алдагдах вэ?

-Бэлтгэл сургууль хийж болдоггүй баларч байна аа. Манай спортын төрөл чинь өдөр тутам бэлтгэл хийх ёстой. Тэгээд ч тусгай хэрэглэл, материал шаарддаг. Энд 10 гаруй хонохоор тамирчдын форм бүр нойл заана.

-Бэлтгэлийн заалнаасаа зарим хэрэглэлээ авч ирүүлж, тамирчдынхаа бэлтгэлийг тасалдуулахгүй байх арга бий юу?

-Харин тийм ээ. Янз бүрээр яриад л байна. Гэхдээ штанг авч ирж болох юм шиг яригдсан. Уг нь суултын тавиур, нэг ком штанг байхад болно л доо.

-Манай улсын хүндийн өргөлтийн тамирчдаас хэд нь олимпын эрх авна гэсэн горьдлоготой байна вэ?

-3-4 тамирчин авах байх гэсэн найдлага хүлээлгэж байна.

-Саяхан манай улсын тамирчид ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртсэн. Тэгэхээр нийлбэр оноогоор эрх авахад хэр ойрхон байгаа вэ?

- Хойшлогдоод байгаа дээрх тэмцээнүүдээс 800 оноо авбал бараг болчих байх.

-Товч мэдээлэл өгсөнд тань баярлалаа.

Хуваалцах