Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Цагаан Уул-2016" наадамд гуравдугаар байр эзэлсэн Б.Хургаагийн шүлэг

Хайрын шүлгийн "Цагаан Уул-2016" наадамд 28 оноогоор гуравдугаар байрын шагнал хүртсэн яруу найрагч Б.Хургаагийн шүлгийг уншигч та бүхэнд хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Цагаан Уул-2016" наадамд гуравдугаар байр эзэлсэн Б.Хургаагийн шүлэг
"Цагаан Уул-2016" наадамд гуравдугаар байр эзэлсэн Б.Хургаагийн шүлэг. Зураг: МҮОНРТ

Хайрын шүлгийн "Цагаан Уул"-2016 наадамд 28 оноогоор гуравдугаар байрын шагнал хүртсэн яруу найрагч Б.Хургаагийн шүлгийг уншигч та бүхэнд хүргэж байна.

НЭРГҮЙ ШҮЛЭГ
1
Өөрийн чинь үнэрээр нар сарны хооронд хэц татаад
Угаасан хувцсаа тохож хатаанам
Гутлын чинь мөрөөр налсан өвсний үндсээр сагс урлаад
Гурван жилийн өмнө нялх байсан модноос жимс түүнэм
2
Хацрын чинь хонхорхойд би харцаа унагачихсанаас хойш
Хачин ихээр хайрлах болсон шалтгаанаа санахаа больчихсон
Алган дээр минь чи зураг зураад л сууж байдаг болохоор
Анх хэзээ ингэтлээ дурласнаа бүр мөсөн мартчихсан
3
Хацрын чинь хонхорхойд үүрлэсэн хоёр ангирт
Хачин их атаархахдаа би өөртөө далавч зурсан
Араас минь дагаж нисэг гээд чамд ч бас далавч зурсан
Аа бас тэр хоёр ангир шиг нисч сурсан
Хөтөлгөө морьтой гараад эргэж ирээгүй аавын чинь тухай бодлын шархыг
Хүү төрүүлж өгчихөөд үлээж эдгээнэ гэж боддог
Элсэн дээр тодорсон хөлийн мөр 4, 6, 8 хэд болохыг чи минь таа л даа
Энэ амьдралд хоёулаа үржүүлэхийн хүрд болж тоглоё
Хуучраагүй хуучин юм чи
Хуучирсан ч анхных мэт догдлол юм чи

Хуваалцах