Төгссөн сургуулийнхаа номын санд зориулан “Улирал ба Зохиолч” сэтгүүлийг 10 жилээр захиалжээ
АНУ-д сурч амьдарч буй сэтгүүлч, яруу найрагч Б.Ариунсэтгэл өөрийн төгссөн цогцолбор болон их сургуулийнхаа номын санд уран зохиолын шилдэг цоморлиг “Улирал ба Зохиолч” сэтгүүл захиалсан байна.
Мэдээллийн алба

АНУ-д сурч амьдарч буй сэтгүүлч, яруу найрагч Б.Ариунсэтгэл өөрийн төгссөн цогцолбор болон их сургуулийнхаа номын санд уран зохиолын шилдэг цоморлиг “Улирал ба Зохиолч” сэтгүүл захиалсан байна. Тодруулбал, тэрбээр арван оны бүтэн дугаарыг СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн номын санд, харин гурван жилийн бүтэн дугаарыг Дархан хотын “Жигүүр” цогцолбор сургуулийн номын санд захиалж, төлбөрийг нь хийжээ.
“Улирал ба Зохиолч” сэтгүүл тасралтгүй долоон жил улирал тутамд хэвлэгдсэн бөгөөд 25 дахь дугаар нь уншигч, захиалагчдад хүрсэн. Тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Данзангийн Нямаа “Жилд дөрвөн дугаар гардаг "Улирал ба Зохиолч” сэтгүүлээс СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн номын санд арван жилийн хугацааны нийт 40 ширхэг сэтгүүл очно. Үүнээс хэвлэгдсэн 25 дугаар, түүн дээр нэмэгдэх нь ирэх /2020, 2021, 2022/ оны 15 дугаар нэмэгдэж очно. Харин Дархан хотын "Жигүүр" цогцолбор сургуулийн номын санд 2019 оны дөрвөн дугаар, тэрчлэн энэ жилийн дөрвөн дугаар, 2021 оны дөрвөн дугаар хүргэгдэн очих бөгөөд энэхүү ажлыг “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн хамт олон хариуцлагатайгаар гүйцэтгэх болно” гэдгээ цахим хаягаараа мэдэгдлээ.


















