Төрийн наадам отгон аваргатай боллоо
Үзүүр, түрүү булаалдсан улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын өсөх идэр начин Б.Гончигдамба нарын барилдаанд Г.Эрхэмбаяр арслан илүүрхсэнээр 512 бөх зодоглосон өнөө жилийн баяр наадмын түрүү бөхөөр тодорсон юм. Ийнхүү бөхөө дээдэлдэг монгол түмний 48 дахь аварга төрлөө. Сэлэнгэ нутгаас төрж буй анхны авар
Мэдээллийн алба

Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92, Ардчилсан хувьсгалийн 23 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанаас шинэ аварга төрлөө.
Үзүүр, түрүү булаалдсан улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын өсөх идэр начин Б.Гончигдамба нарын барилдаанд Г.Эрхэмбаяр арслан илүүрхсэнээр 512 бөх зодоглосон өнөө жилийн баяр наадмын түрүү бөхөөр тодорсон юм. Түүнчлэн Сэлэнгэ нутгаас төрж буй анхны аварга энэ ажээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Г.Эрхэмбаяр арслангийн хувьд тэгш дөрвөн ой тохиосон уржнангийн наадмаар үзүүр, түрүү булаалдаж, арвын даваанд С.Мөнхбат аваргад өвдөг шороодсоноор 1024 бөх зодоглосон тэр жилийн наадмаас улсын арслан цол хүртэж байсан.
Өнгөрсөн жилийн наадмын хүчит бөхийн барилдаанд их шөвөгт шалгарч, тэр жилийн наадмын түрүү бөх П.Бүрэнтөгст унаж байсан.
Өнөө жилийн наадамд нэгийн даваанд залуу бөх М.Алтансүхийг, хоёрын даваанд Баян-Өлгий аймгийн залуу бөх Нурлан Камейханыг, гурвын даваанд залуу бөх Э.Доржсүрэнг, дөрвийн даваанд аймгийн арслан Б.Эрдэнэхүүг, тавын даваанд улсын заан Б.Соронзонболдыг, зургаагийн даваанд улсын заан Б.Сайнбаярыг, долоогийн даваанд аймгийн арслан, шинээр харцага цолны болзол хангасан Э.Оюунболдыг тус тус давсан.
Харин залуу гарьд Б.Гончигдамбын хувьд 2011 оны наадмаар тавын даваанд Дундговь аймгийн харьяат аймгийн хурц арслан А.Алтанхуягтай тунаж барилдаж, давснаар начин цолны болзол хангаж байжээ.
Өнгөрсөн жилийн наадмаар улсын харцага Ө.Бат-Оршихоор тав давснаар начин цолоо баталж, өсөх идэр чимэг хүртэж байжээ.
Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Б.Гончигдамба нь нэгийн даваанд залуу бөх Н.Цанадоржийг, хоёрын даваанд Ж.Гансүхийг, гурвын даваанд аймгийн арслан У.Батгэрэлийг, дөрвийн даваанд улсын начин П.Ганхүүг, тавын даваанд аймгийн арслан У.Батгэрэлийг, зургаагийн даваанд улсын начин Э.Энхбатыг, долоогийн даваанд улсын арслан Х.Мөнхбаатарыг тус тус давсан билээ.


















