Туялзуур сэлэмчид анхны алтан медалиа “Гуанжоу-2014” тэмцээнээс хүртлээ
“Хангарьд” клубын тамирчин Б.Батхүү “Гуанжоу-2014” олон улсын нээлттэй тэмцээний хүнд сэлмийн төрөлд алтан медаль хүртлээ.
Мэдээллийн алба

“Хангарьд” клубын тамирчин Б.Батхүү “Гуанжоу-2014” олон улсын нээлттэй тэмцээний хүнд сэлмийн төрөлд алтан медаль хүртлээ. Ийнхүү Монгол Улсын туялзуур сэлэмчид олон улсын тэмцээнээс анхны медалиа, тэр дундаа алтан медаль хүртэв.
Мөн "УБ Фенсинг" клубын Э.Энхтулга, Т.Анарсайхан нар мөнгө, хүрэл медалийг энгэртээ зүүлээ. Түүнчлэн тэмцээний хоёр дахь өдөр болсон хүнд сэлмийн багийн төрөлд Б.Батхүү, Э.Бат-Эрдэнэ, Э.Энхтулга, Т.Анарсайхан нар Хонгконгийн багийг ялж алтан медаль хүртжээ. Харин өсвөрийн төрөлд хүч үзсэн Б.Амарболд шагналт байрт шалгарсан байна.
Энэ жилийн тэмцээнд БНХАУ, БНСУ, Хонгконг, Тайланд, Макао, Монгол Улсын 500 гаруй тамирчин сэлмийн гурван төрөлд, насанд хүрэгчид, өсвөр гэсэн ангилалд өрсөлдлөө. Орос дасгалжуулагч Александр Ровнягин болон Д.Ганбаатар нараар удирдуулан таван тамирчны бүрэлдэхүүнтэй баг ийнхүү оны босгон дээр гайхамшигтай амжилт үзүүллээ. Тэд тэмцээний өмнө хоёр долоо хоногийн турш Гуанжоу хотноо олон улсын хамтарсан бэлтгэлд оролцжээ.


















