Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

УГЗ Ц.Чулуунбат: Дүү байтлаа эгчмэд юм шиг, дүрлэгэр бор бүсгүй цаанаа л нэг донжтой

Энэ сарын 27,28-нд тоглогдох “Содон аялгуу” тоглолтондоо бэлдээд завгүй яваа эрхэм уран бүтээлч УГЗ Ц.Чулуунбаттай цөөн хором хөөрөлдлөө.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
УГЗ Ц.Чулуунбат: Дүү байтлаа эгчмэд юм шиг, дүрлэгэр бор бүсгүй цаанаа л нэг донжтой
УГЗ Ц.Чулуунбат: Дүү байтлаа эгчмэд юм шиг, дүрлэгэр бор бүсгүй цаанаа л нэг донжтой. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 27,28-нд тоглогдох Содон аялгуу”тоглолтондоо бэлдээд завгүй яваа эрхэм уран бүтээлч УГЗ Ц.Чулуунбаттай цөөн хором хөөрөлдлөө.

-Та “Содон аялгуутоглолтынхоо онцлогоос яриач?

-Би 2-3 жилд нэг тоглолт хийдэг. Харин энэ жил хөдөлмөрийн дэвтэрээ харсан чинь урлагт зүтгээд 41 жил болчихож. Үүнээс 40 жилийг нь монголын рок поп хөгжмийн ертөнцөд зүтгэсэн байх юм. Тоглолтоо яруу найрагч Ж.Баярхүүгийн шүлэг, дуучин Б.Баярцэцэгийн дуулсан “Содон аялгуу” дуугаараа нэрлэсэн. Би дуугаа нээх тийм гоё аялгуугаар бичихийг боддог. Тэгээд миний дуунууд хүмүүст содон байж магадгүй гэж бодоод “Содон аялгуу” хэмээн нэрлэсэн. Цаашлаад тоглолтоо тэр чигээр нь содон байлгая гэж шийдсэн. Тоглолтын реклам, шторк интернэт билет борлуулалт зэргээс энэ бүхний эхлэлийг харж болно.

-Харангынхан энэ жил ээлжээр тоглолт хийнэ гэсэн үү?

-Ирэх жил хамтлагийн маань 25 жилийн ой болно. Ойгоо угтаж Одсүрэн, Лхагва хоёр маань тоглолтоо хийсэн. Харин миний хувьд жилийн турш гурван удаа чанартай тоглолт зохион байгуулна. Эдгээр тоглолтоороо урлагт зүтгэсэн энэ жилүүдэд юу хийснээ харуулах юм.

-Та урлагт 41 жил болсны 40 жилийг хөнгөн хөгжмийн урлагт зүтгэжээ гэсэн. Нэг жилд нь та юу хийсэн юм бол?

-Их урлагт зүтгэсэн. Тодруулбал Сэлэнгэ аймгийн соёлын ордонд 16-хан настай хүүхэд дуулж, бүжиглэж, жүжиглэж, хөгжимдөж байсан. Хүүхэд юм чинь хажуугаар нь хар бор ажил хийнээ. Цэвэрлэгч хийх нь холгүй л байлаа.

-Эр хүнийхээ хувьд та идэр сайхан насандаа явна. Харин уран бүтээлийн нас тань?

- Амьдралыг яг бүтнээр нь, бодит үнэнээр нь харж чаддаг үе. Магтлаа гээд онгирохгүй, мууллаа гээд гомдохгүй. Хайр дурлалыг ч, зовлон жаргалыг ч өөрийнхөө нүдээр хардаг энэ нас бол уран бүтээлчийн ид сэргэг, залуу үе юм байна.

-Тэгэхээр 25 жилийн өмнөх болон өнөөдрийн дууны чанарын ялгаа?

-Ялгаатай. Яагаад гэхээр хүн өдөр өнгөрч нас ахих тусам ухааждаг. Үүнийхээ хэрээр нийгмээ бодитоор ханддаг. Миний 30 жилийн өмнө хийсэн дуунуудын нэг нь ч одоогийн бүтээлүүдэд хүрэхгүй байж магадгүй.

-Хамгийн сүүлд ямар уран бүтээл хийв?

-“Мотив” хамтлагт “Тэнгэрийн охин” дууг өөрөө шүлгийг нь бичиж хийж өгсөн. Би энд дуу хийж ханалаа, одоо тэнгэрт очиж дуу хийе, тэнгэрийн охинд хайраа өгье, тэнд амьдрая, од эрхэс бол бүгд миний анд найзууд гэсэн зөгнөлт дуу л даа. МУГЖ Б.Сарантуяад яруу найрагч Б.Ичинхорлоотой хамтран “Чи минийх” дууг хийсэн. Харцнаас минь илүүтэй эрх чөлөө гэж үгүй гээд гүн ухааны шинжтэй. Үнэхээр харц гэдэг ямар ч хязгааргүй эрх чөлөө. За тэгээд МУГЖ Т.Ариунаад “Хүлээлт”, МУГЖ Ж.Алтанцэцэгт “Яг одоо”, С.Сэрчмаад “Бүсгүйн аргамж” гэдэг дуу өглөө. Ер нь бол зөндөө дуу хийсэн. Дуучин Наркад мярайлаг бүсгүйчүүдэд зориулан “дүү байтлаа эгчмэд юм шиг, дүрлэгэр бор бүсгүй цаанаа л нэг донжтой” гэсэн Ү.Хүрэлбаатарынхаа шүлгээр “Донжтой бүсгүй” дууг хийсэн.

-Харин хамтлагтаа зориулж ямар дуу хийв?

-Хамгийн сүүлд “Эргэх учрал” гэж дуу хийсэн. Өнөөдөр салаад явлаа ч эргээд л уулздаг. Ээж аав баруун хацрыг нь үнсээд үдсэн бол зүүн хацрыг нь үнсээд угтдаг. Хорвоо ертөнц дээр хүмүүс эргэх учралаар амьдардаг гэсэн утгатай.

Түлхүүр үг:УГЗ Ц.Чулуунбат: Дүү байтлаа эгчмэд юм шигдүрлэгэр бор бүсгүй цаанаа л нэг донжтой
Хуваалцах