“Улаанбаатар сити” багийн тоглолт Монголд болохгүй
Мөн “Улаанбаатар сити” клубийн тамирчид ч Тайвань Улсад зочлон тоглох боломжгүй. Учир нь Засгийн газрын ээлжит бус тус хуралдаанаар Монгол Улсын иргэдийг БНХАУ-д зорчихыг хориглосон билээ.
Мэдээллийн алба

2019 оны “Мазала Үндэсний Дээд Лиг”-ийн аварга “Улаанбаатар сити” клуб “AFC CUP - 2020” тэмцээний урьдчилсан шатанд Тайваны “Тайпауэр” багтай учраа тааран тоглохоор сугалаа таарсан.
Хуваарь ёсоор хоёр багийн эхний тоглолт Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд явагдах байсан ч цуцлагджээ.
Учир нь БНХАУ-д гарсан короновирусын тархалт газар авсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд хуралдаж ирэх гуравдугаар сарын 2-хүртэл БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, авто замын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг нэвтрүүлэхийг хориглосон. Тиймээс Тайпауэр багийн тамирчид Монгол улсын хилээр орж ирэх боломжгүй болсон юм.
Мөн “Улаанбаатар сити” клубийн тамирчид ч Тайвань Улсад зочлон тоглох боломжгүй. Учир нь Засгийн газрын ээлжит бус тус хуралдаанаар Монгол Улсын иргэдийг БНХАУ-д зорчихыг хориглосон билээ.
Азийн хөлбөмбөгийн холбоо энэ сарын 4-нд шуурхай хуралдааныг зарласан бөгөөд тус хуралдаанаар “AFC CUP 2020” болон “Азийн Аваргуудын Лиг”-ийн зүүн бүсийн тоглолтуудтай холбоотой асуудлуудаар хэлэлцэхээр болсон байна.
Иймд манай сайт уншигч танаа тус тоглолт хаана, хэзээ явагдах талаар цаг тухайд нь шуурхай мэдээлэх болно.


















