Уран бүтээлчид “Universal music mastering”-тэй хамтран ажиллана
Үндэсний соёл урлагийн нэгдэл болсон “Ethjnosphere”төслийн зорилго нь 2012 онд батлагдсан “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-той нийцэж байгаа юм.
Мэдээллийн алба

Үндэсний соёл урлагаа хөгжүүлэн, мэргэжлийн түвшний цогц бүтээл туурвих зорилготой “Ethnosphere” нэртэй төсөл хэрэгжинэ. Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын урлагийн зөвлөл болон мэргэжлийн хөгжмийн зохиолч, хөгжимчид, загвар зохион бүтээгчид, зураачийг хамтатгасан төслийн нээлт ирэх сард болно.
Үндэсний соёл урлагийн нэгдэл болсон “Ethjnosphere” төслийн зорилго нь 2012 онд батлагдсан “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-той нийцэж байгаа юм.
Орчин үеийн чиг хандлагатай үндэсний хөгжмийн бүтээл, хувцас загварын шоу, уран зураг нэгдэн Монголыг дэлхий дахинаа сурталчлах цогц бүтээл болох юм. Энэ төслийн хөгжмийн зохиолууд Дэлхийн оюуны өмчийг хамгаалах байгууллага BMI (Broadcast music Inc)-ээр хамгаалагдсан аж. Элсэх гишүүдээ өөрсдөө сонгон, уран бүтээлийн чанар чансаагаар нь үнэлдэг энэ байгууллагын гишүүн Монголд л ганц бий. Түүнчлэн АНУ-д төвтэй Франц, АНУ-гийн хамтарсан хөгжмийн мэргэжлийн корпораци “Universal music group”-ийн салбар “Universal music mastering” студитэй манай уран бүтээлчид хамтран ажиллаж байгаа.
Олон улсын түвшинд зохиогчийн эрхээ баталгаажуулж, дэлхийд алдартай хөгжмийн студитэй хамтран ажилласан анхны тохиолдол энэ юм.
“Ethnosphere” гэх нэршил 2001 оноос дэлхий дахинд дэлгэрч буй бөгөөд үндэстний түүх, уламжлал, соёл урлагийн нэгдэл гэсэн утгатай аж.


















