Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
Мэдээллийн алба

Монголын уул уурхай,эрдэс баялгийн хамгийн том нэгдсэн арга хэмжээ болох 'Mining week&Mining pro 2026 ‘арга хэмжээ эхэллээ. Тус арга хэмжээ "Уул уурхай дахь эмэгтэйчүүдийн оролцоо: Боломж ба сорилт" хэлэлцүүлгээр эхэлж, АҮЭБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв нээж үг хэлэв.
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв уул уурхайн салбар дахь эмэгтэй ажиллах хүчний тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг онцоллоо. Тухайлбал, 2023 онд 10,521 байсан эмэгтэй ажиллах хүчний тоо 2025 онд 13,730 болж, хоёр жилийн хугацаанд 30.5 хувиар өссөн байна.
Тэрбээр эмэгтэйчүүд өнөөдөр геологи, уурхайн инженерчлэл, хүнд машин механизм, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, удирдлага зэрэг олон чиглэлд ажиллаж байгааг тэмдэглээд, уул уурхайн салбарын цаашдын хөгжилд эмэгтэйчүүдийн мэдлэг, ур чадвар, манлайллыг бүрэн ашиглах шаардлагатайг онцолсон юм.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа эмэгтэйчүүдийн оролцоог зөвхөн жендэрийн асуудлын хүрээнд авч үзэх бус, салбарын бодлого боловсруулах, шийдвэр гаргах, мэргэжлийн үйл ажиллагаанд оруулж буй бодит хувь нэмэртэй нь уялдуулан авч үзэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв.
Түүнчлэн уул уурхайн салбар нь олон мэргэжлийн хүмүүсийн мэдлэг, ур чадварын нэгдэл дээр хөгждөг тул эмэгтэйчүүдийг зөвхөн захиргаа, санхүү, бичиг хэргийн чиглэлээр бус, салбарын мэргэжлийн болон удирдах түвшинд ажиллах боломжийг нэмэгдүүлэх нь чухал болохыг онцоллоо.
Мөн эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих талаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ бодит үр дүнд хэрхэн хүрч байгааг тогтмол үнэлж, цаашдын шийдвэрт тусгах шаардлагатайг тэмдэглэв.
Хэлэлцүүлгийн төгсгөлд 2026 онд уул уурхай, инженерчлэлийн чиглэлээр суралцаж буй охид, эмэгтэй оюутнуудыг дэмжих нэгээс доошгүй тэтгэлэг, дадлагажуулах хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг хөндлөө.



















