“Увс-2026” сургалт, дадлагын үр дүн, “Говийн чоно-2028” сургуулийн төлөвлөлтийн талаар санал солилцлоо
Мэдээллийн алба

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, АНУ-ын талын төлөөлөгчидтэй уулзаж, “Увс-2026” гамшгийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний хамтарсан сургалт, дадлагын үр дүн болон “Говийн чоно-2028” олон улсын сургуулийн төлөвлөлтийн талаар санал солилцлоо.
Уулзалтаар Увс аймагт зохион байгуулсан хамтарсан сургалт, дадлагын хүрээнд алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох, гамшгийн үед хамтран ажиллах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудыг хэлэлцсэн юм.
Мөн сургалтын явцад хуримтлуулсан туршлага, сургамж, цаашид сайжруулах шаардлагатай асуудлыг дараагийн сургалт, дадлагын төлөвлөлтөд тусгах талаар ярилцлаа.
Түүнчлэн “Говийн чоно-2028” олон улсын сургуулийн зорилго, хамрах хүрээ, оролцогч талуудын уялдаа, бэлтгэл ажлын үе шат болон зохион байгуулалтын асуудлыг урьдчилан тодорхойлох талаар санал солилцсон юм.
Монголын талаас тус сургуулийн олон улсын оролцоо, мэргэжлийн түвшинг хадгалж, гамшгийн үеийн удирдлага, зохицуулалт, харилцан ажиллагааг бодитоор дадлагажуулахад чиглүүлэхийг онцоллоо.
Уулзалтын төгсгөлд хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн АНУ-ын талын сургагч багш, нийт бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, сургалтын үр дүнд тулгуурлан хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээ илэрхийллээ.




















