“Увс нуур” галын 20 жилийн ойн барилдаанд Монгол Улсын аварга С.Мөнхбат түрүүллээ
“Увс нуур” бөхийн галаас энэ хугацаанд улсын наадмын түрүү, үзүүр тав тодорсон бол их шөвөгт 12, улсын цолтон 30 гаруй бий болжээ.
Мэдээллийн алба

Бөхийн “Увс нуур” галын үүсгэн байгуулсны 20 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд өчигдөр Монгол бөхийн өргөөнд 256 хүчтэн зодоглов.
Үүнд Монгол Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэсэн бол их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, аймгийн арслан Э.Ууганбаяр нар шалгарсан юм.
“Увс нуур” бөхийн галаас энэ хугацаанд улсын наадмын түрүү, үзүүр тав тодорсон бол их шөвөгт 12, улсын цолтон 30 гаруй бий болжээ.
Мөн тив, дэлхийн тэмцээнд нэрээ дуурсгасан олон тамирчин энэ галаас спортын замналаа эхлүүлсэн түүхтэй аж.
Алдарт бөхчүүдийн өлгий нутаг Увс аймгийн “Увс нуур” төрийн бус байгууллагыг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, Монголын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны даргаар ажиллаж байсан Сангийн сайд асан Э.Бямбажав, Биеийн тамир, спортын хороонд ажиллаж байсан З.Лагиржав тэргүүтэй хүмүүс 1998 онд байгуулж байсан түүхтэй аж.


















