Үзэгчдийг өндөлзүүлсэн, хөтлөгчгүй тоглолт
Өчигдөр Улаанбаатар паласын концертын их танхимд "Анир" студийн уран бүтээлчдийн нэг болох "UVERTURA" хамтлаг “Төгсгөлгүй – Эхлэл” тоглолт үзэгч, сонсогчдын хүсэлтээр дахин тоглов.
Мэдээллийн алба


Өчигдөр Улаанбаатар паласын концертын их танхимд "Анир" студийн уран бүтээлчдийн нэг болох "UVERTURA" хамтлаг “Төгсгөлгүй – Эхлэл” тоглолт үзэгч, сонсогчдын хүсэлтээр дахин тоглов. Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын найруулсан эл тоглолтод ЦДБЭЧ болон Хөгжим бүжгийн коллежийн симфони найрал хөгжимчид, ХБК-ийн Цохиур хөгжмийн чуулгын хөгжимчдийн хамтарсан оркестрт оролцлоо.
Эхлэл, өрнөл, оршил, тайлал, жаргаах 5 хэсгээс бүрдсэн тоглолтод 18 дуу дуулагдсан юм. Хамтлагийн гишүүд өөрсдийн хоолойны цар хүрээг үзүүлсэн ганцаарчилсан бүтээл хүргэснээс гадна “Тэнгэр ээж минь өршөө” дууг МУАЖ Ш.Чимэдцэеэтэй, “Тэмээн сүргийн говь” дууг МУГЖ Г.Эрдэнэбаттай, “Дөрвөн цагийн тал” дуугаа СТА, уртын дуучин Д.Үүрийнтуяатай хамтарч дуулсан нь залуу уран бүтээлчдийн хувьд өөрсдийн багшийн нөлөө, зиндааг харуулсан хэрэг боллоо.
Тоглолтын тайлал хэсэгт ардчилалын сүлд дуу гэж нэрлэгддэг “Хонхны дуу”-г хамтлагийн залуус опера хэлбэрээр дууллаа. Д.Сосорбарам сүүлийн дуун дээр өөрөө босч хамтлагийн залуучуудтай хамт УГЗ Б.Бямбабаярын хөгжим, Ц.Бавуудоржийн үг “Монгол минь тэнд” дуугаа дуулж тоглолтоо өндөрлүүллээ. Тоглолт дуусахад ч үзэгчдийн алга ташилт зогсохгүй байсан нь тус хамтлагийн залуусын хоолойны цар хүрээ болоод дуулах ур чадвар нь гайхалтай байсныг илтгэсэн юм.
О.Энхмаа


















