"Вашингтон Уизардс” бүсийнхээ 2-р байрт бичигдэж байна
Лигийн шилдэг залуу бүрэлдэхүүнтэй багууд болох “Портленд Трэйл Блэйзерс” болон "Вашингтон Уизардс” багууд "Мода Центр"-д учраа тааран тоглолоо.
Мэдээллийн алба

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн тэмцээний улирлын тоглолтын хүрээнд өнөөдөр нийт 12 тоглолт болж, лигийн шилдэг залуу бүрэлдэхүүнтэй багууд болох “Портленд Трэйл Блэйзерс” болон "Вашингтон Уизардс” багууд "Мода Центр"-д учраа тааран тоглолоо. Улирлын сүүлийн 5 тоглолтдоо хожигдоогүй байсан "Портленд"-чүүд өнөөдөр тоглолтын эхнээс шилдэг тоглолтоо үзүүлж байлаа. Тэр дундаа багийн шилдэг тоглогчид болох Си Жей Макколлум, Дэмиан Лиллард нар довтолгоонд онцгой сайн байж, тус бүр 30-с дээш оноо авчээ. Харин Нийслэл хотын багаас Жон Уолл 39 оноо авч бүх тоглогчийг тэргүүлсэн бол Брэдли Бил 26 оноо, Отто Портер, Марчин Гортат, Маркифф Моррис, Боян Богданович нар тус бүр 10-с дээш оноо авчээ. Улмаар тоглолт үндсэн цагт 112:112-ийн харьцаатай өндөрлөж, нэмэлт цаг ялагчийг шийдвэрлэсэн байна. Энэ үе мөн эн тэнцүүхэн өрсөлдөөнтэй үргэлжилж, 124:125-ын харьцаатай Вашингтончууд хүчтэй өрсөлдөгчөө талбайд нь хожлоо. Ийнхүү нйислэл хотын баг сүүлийн 5 тоглолтдоо дараалан хожсоноор 41 хожил 24 хожигдолтой болж байна. Энэ амжилтаараа тэд дорнод бүсийн 2-р байрт бичигдэж байгаа бол Портлендын залуус бүсийнхээ 9-р байрт улирлыг үргэлжлүүлж байгаа юм.


















