Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Xөнгөн атлетикийн гүйлтийн зам ирэх онд ашиглалтад орно

Монгол Улсын анхны олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн гүйлтийн зам, талбай бүхий байгууламж Налайх дүүрэгт сүндэрлэж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Xөнгөн атлетикийн гүйлтийн зам ирэх онд ашиглалтад орно
Xөнгөн атлетикийн гүйлтийн зам ирэх онд ашиглалтад орно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын анхны олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн гүйлтийн зам, талбай бүхий байгууламж Налайх дүүрэгт сүндэрлэж байна. Уг бүтээн байгуулалтын нэг хэсэг болох суурийг хүлээн авах ажиллагаа өнөөдөр боллоо. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд, хөнгөн атлетикийн багш, дасгалжуулагчид болон албаны хүмүүс оролцлоо.

Тус байгууламжийг Олон улсын хөнгөн атлетикийн холбооны санхүүжилтээр барих ба төслийг хэрэгжүүлэгч Монголын талаас байгууламжийн суурийн ажлыг өөрсдийн нөөц бололцоогоор гүйцэтгэх болзолтой байсан. Тэгвэл өнөөдөр энэхүү болзлыг хангаж, олон улсын стандартын байгууламжийн суурийг тавьсандаа Монголын хөнгөн атлетикийн холбооныхон баяртай байгаа юм. Уг төслийг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний олимпийн хороо, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, түүнчлэн Налайх дүүргийн удирдлагууд дэмжин ажилласны үр дүнд суурийн ажлыг амжилттай гүйцэтгэсэн байна. Гүйлтийн замыг ирэх 2015 оны тавдугаар сард ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байгаа ба гүйлтийн "тартан зам"-ыг дэлхийн алдартай Италийн “Мондо” компанид үйлдвэрлэж байгаа аж.

Гүйлтийн 400 метрийн тойрог зам бүхий уг байгууламж баригдсанаар Монгол Улс олон улсын чанартай томоохон уралдаан, тэмцээнийг зохион байгуулах бололцоотой болох юм. Түүнээс гадна нийслэлийн иргэд, оюутан залуус, хүүхэд багачууд чөлөөт цагаа өнгөрүүлэх, бие бялдраа хөгжүүлэх, спортоор хичээллэх шинэ нөхцөл бүрдэж байгааг Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд онцлож байна.

Хуваалцах