Япончуудын шинэ найдлага Митакэуми
Мэргэжлийн сүмогийн Хару башёд макүшита зиндааны 10-аас эрэмбэлэгдэн барилдах 22 настай Хисаши Омичид япончууд ихээхэн найдлага тавьж байна.
Мэдээллийн алба

Мэргэжлийн сүмогийн Хару башёд макүшита зиндааны 10-аас эрэмбэлэгдэн барилдах 22 настай Хисаши Омичид япончууд ихээхэн найдлага тавьж байна. Омичи нь өнгөрсөн онд Японы сүмо сонирхогчид болон оюутнуудын тэмцээнд түрүүлж, сонирхогчдын ёкозүна цол хүртсэн бөх юм. "Тойо" хэмээх их сургуулийг төгсгөсөн тэрээр Дэваноуми дэвжээнд харьяалагдаж Митакэуми нэрээр барилдана.
Нагано мужид төрж өссөн Митакэуми Хару башёд долоо барилдахдаа нэг уналгүй бүгдэд нь давж чадвал жюүрёо зиндаанд шууд дэвших юм байна. Митакэумигийн биеийн өндөр 179 см, жин нь 149 кг байгаа ажээ.


















