Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японд карт шаардлагагүй анхны бэлэн мөнгөний машинуудыг ашиглаж эхэллээ

Дэлхийн банкны системүүд бэлэн мөнгөний машиныг өргөн ашиглах болсон өнөө үед Японы Севен банк нэгэн шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японд карт шаардлагагүй анхны бэлэн мөнгөний машинуудыг ашиглаж эхэллээ
Японд карт шаардлагагүй анхны бэлэн мөнгөний машинуудыг ашиглаж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн банкны системүүд бэлэн мөнгөний машиныг өргөн ашиглах болсон өнөө үед Японы Севен банк нэгэн шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлжээ. Тус банкны шинээр гаргасан бэлэн мөнгөний машиныг ашиглахад ямар нэгэн картын хэрэгцээ байдаггүй гэдгээрээ бусдаас онцлог юм байна. Энэ шинэ төрлийн картгүй бэлэн мөнгөний машиныг ирэх хавар гэхэд Япон даяар 22 мянган ширхэгийг суурьлуулах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ банкны удирдлага мэдэгдлээ. Шинэ төрлийн бэлэн мөнгөний машиныг ашиглахын тулд ухаалаг утастай байхад л хангалттай юм байна.

Бэлэн мөнгөний машин нь ухаалаг утсанд байрлах тусгай зориулалтын програмыг уншиж, хэрэглэгчээс шаардлагатай мэдээлэл, нууц кодыг авснаар гар утас ашиглагчийн банкны данстай холбогдож хүссэн бэлэн мөнгийг нь гаргаж өгөх боломжтой болох юм. Түүнээс гадна ухаалаг гар утсыг банкны картын оронд ашиглаж цахим гүйлгээ хийж болно гэдгийг зохион бүтээгчид нь онцоллоо.

Ирээдүйд энэ шинэ систем дэлхийн бүх оронд ашиглагдаж банкны картыг хална гэдэгт Севен банкны удирдлага итгэлтэй байна. Одоогийн байдлаар шинэ систем туршилтын шатанд явж байгаа бөгөөд хэрвээ үр дүнтэй гэдэг нь батлагдвал бусад банкуудтай хамтран ажиллаж, Япон улсыг цахим төлбөрийн картгүй болгох ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Гэхдээ Японы бусад банкууд шинэ системийн аюулгүй байдлыг сайтар шалгах хэрэгтэйг сануулснаас гадна одоо ашиглаж байгаа бэлэн мөнгөний машинуудыг бүгдийг нь богино хугацаанд солих бололцоо бага болохыг онцолжээ. Япон улс нь нэг хүнд ноогдох бэлэн мөнгөний машины тоогоороо дэлхийд тэргүүлдгээс гадна цаасан мөнгө хамгийн бага ашигладаг орон юм.

Хуваалцах