“Ажил хайгч иргэнийг хөдөлмөрт зуучлах” хөдөлмөрийн өдөрлөг болж байна
Мэдээллийн алба

Ажил хайж байгаа иргэдийг ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын газар, Улсын бүртгэлийн хэлтэс хамтран “Ажил хайгч иргэнийг хөдөлмөрт зуучлах” хөдөлмөрийн өдөрлөгийг бүсчлэн зохион байгуулж байна.
Өдөрлөгөөр Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтсээс иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж зөвлөгөө мэдээлэл өгч байна. Түүнчлэн 12 байгууллагын 800 гаруй ажлын байрыг ажил хайж буй иргэдэд санал болгож байгаа бөгөөд шууд ажлын ярилцлагад орж, ажилд орох боломжтой юм.
Мөн өдөрлөгийн үеэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төсөл, хөтөлбөрт хамрагдсан иргэдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэгдлээ. “Ажил хайгч иргэнийг хөдөлмөрт зуучлах” хөдөлмөрийн өдөрлөг 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянхошуу дэд төвд, 29-ны өдөр Толгойт дэд төвд, 30-ны өдөр 16-р хорооны байрны гадаа тус тус зохион байгуулагдана.



















