Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

Анхны аукционы “Булган нар” төслийн хэрэгжилт 22 хувьд хүрлээ

ЭХ
Эрчим хүчний яам

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Анхны аукционы “Булган нар” төслийн хэрэгжилт 22 хувьд хүрлээ
Анхны аукционы “Булган нар” төслийн хэрэгжилт 22 хувьд хүрлээ. Зураг: МҮОНРТ

Эрчим хүчний сайд Б.Найдалаагаар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Булган аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, ИТХ-ын дарга Д.Мэндсайхан болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.

Уулзалтын үеэр Засаг дарга Д.Пүрэв-Очир тус аймгийн дулаан үйлдвэрлэлтэй холбоотой  “Энержи Палас” ХХК болон “Булган мээж” ОНӨХХК-ийн хооронд сүүлийн долоон жил хуримтлагдсан өр төлбөрийн асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж өгсөн Засгийн газрын тэргүүн болон шадар сайдууд мөн салбарын сайдад талархаж буйгаа аймгийн ЗДТГ-ын нэрийн өмнөөс илэрхийллээ.

Олон жил хуримтлагдсан өр төлбөрийн асуудлаас болж, энэ жил аймгаараа дулаанаа авч чадахгүй эрсдэлт нөхцөл үүссэн бөгөөд Эрчим хүчний сайд Б.Найдалаа багцынхаа хүрээнд “Булган мээж” ОНӨХХК-д гурван тэрбум төгрөгийн төсвийг шийдвэрлэн өгснөөр аймгийн дулаан хангамжийн асуудал хэвийн үргэлжлэх боломж бүрджээ. Цаашид орон нутгийн удирдлагуудын зүгээс тарифын зөрүүтэй байдлаас үүдэлтэй энэхүү өр төлбөрийн асуудлыг ЗДТГ, ИТХ-аар хамтран хэлэлцэж, өр авлага дахин үүсгэхгүй байхад анхаарч, менежментээ сайжруулан ажиллахаа мэдэгдсэн юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймгийн Орхон суманд баригдаж буй 50 МВт-ын нарны цахилгаан станц, 30 МВт/100 МВт.цагийн батарей хуримтлуурын систем бүхий “Булган нар” төслийн бүтээн байгуулалтын талбайд очиж, хэрэгжүүлэгч компанийн удирдлага, инженерүүдтэй уулзан мэдээлэл авлаа.

Монголд анх удаа сэргээгдэх эрчим хүчний бие даасан үйлдвэрлэгчийг сонгон шалгаруулах таван байршлын аукционыг өнгөрсөн зургаадугаар сард амжилттай зохион байгуулсан. Үүнээс нэг төсөл нь Булган аймгийн Орхон суманд хэрэгжиж буй бөгөөд төслийг 5.95 ам.цент/кВт.цаг үнээр "Магнус сентурион констракшн" ХХК хэрэгжүүлэх эрхийг авсан. Тус компанийн бүтээн байгуулалтын  ажил одоогийн байдлаар 22 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж буй бөгөөд энэ ондоо багтаан өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулахаар шуурхай ажиллаж байгаагаа салбарын сайдад танилцууллаа. Өвөлжилтийн бэлтгэлийн хангах хүрээнд хийгдэж буй уг ажил нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хичээл зүтгэл бөгөөд аукционд шалгарсан компаниуд эрчим хүчний шинэ эх үүсгүүр барих төслүүдээ цаг алдалгүй ашиглалтад оруулах ёстойг салбарын сайд онцоллоо. Уг төсөл нь “Булган” дэд станцад холбогдох бөгөөд сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлэх, эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Мөн Булган аймагт үйл ажиллагаа явуулдаг салбарын компани, үйлдвэрийн удирдлагуудын төлөөлөлтэй 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, засварын ажлын явц, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 86 орчим хувьтай төлөвлөгөөний дагуу явагдаж байна.

Хуваалцах