Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙБНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
1/5
Гадаад мэдээ

БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг өндөр технологийн үйлдвэрлэл тэргүүлж байна

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг өндөр технологийн үйлдвэрлэл тэргүүлж байна
БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг өндөр технологийн үйлдвэрлэл тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

БНХАУ-д хиймэл оюун ухаан, робот болон өндөр технологийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчний нэг болж байна.

Тус улсын Үндэсний статистикийн газрын мэдээлснээр аравдугаар сард өндөр технологийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 17.6 хувиар өссөн нь аж үйлдвэрийн салбарын нийт өсөлтөөс гурав дахин өндөр үзүүлэлт болжээ.

Мөн аж үйлдвэрийн зориулалттай роботын үйлдвэрлэл 26 хувиар, гурван хэмжээст хэвлэгч төхөөрөмжийн үйлдвэрлэл 85.9 хувиар нэмэгдсэн байна. Харин улсын хэмжээнд аж үйлдвэрийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар өсжээ.

Энэ өсөлт ялангуяа БНХАУ-ын технологийн томоохон төв Шэньжэнь хотод тод ажиглагдаж байна. Тус хотын статистикийн мэдээллээр 2026 оны эхний есөн сард өндөр технологийн үйлдвэрлэл 11.6 хувиар, аж үйлдвэрийн роботын үйлдвэрлэл 44.1 хувиар өссөн байна.

Шэньжэнь хотод хүн дүрст робот үйлдвэрлэх, дроноор бараа бүтээгдэхүүн хүргэх, жолоочгүй автомашинаар зорчигч тээвэрлэх зэрэг технологийг хөгжүүлж байна.

Технологийн компаниуд роботыг үйлдвэрлэл, үйлчилгээ болон хүний амь насанд эрсдэлтэй ажилд ашиглах боломжийг өргөжүүлэхээр ажиллаж байгаа юм.

Гэвч өндөр технологийн салбарын энэхүү өсөлттэй зэрэгцэн БНХАУ-ын дотоодын хэрэглээ, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хүндрэл үргэлжилж байна.

Тодруулбал, аравдугаар сард БНХАУ-ын жижиглэн худалдааны борлуулалт өмнөх оны мөн үеэс 0.4 хувиар өсжээ. Энэ нь есдүгээр сарын 1.1 хувийн өсөлтөөс буурсан үзүүлэлт юм. Харин оны эхний арван сарын байдлаар үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулалт 21.6 хувиар буурсан байна.

Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хөдөлмөрийн зах зээлд ч нөлөөлж байна. Есдүгээр сард БНХАУ-ын 16–24 насны, суралцдаггүй залуусын ажилгүйдлийн түвшин 18 хувьтай гарчээ. Харин аравдугаар сард хот суурин газрын нийт ажилгүйдэл 5.1 хувь болж, өмнөх сараас 0.1 нэгж хувиар буурсан байна.

Германы Хятад судлалын «Мерикс» хүрээлэнгийн тооцоолсноор БНХАУ-д 2026 онд түр хугацааны, гэрээт болон захиалгат ажил эрхлэгчдийн тоо 300 саяас давах төлөвтэй байна. Энэ нь тус улсын хөдөлмөр эрхлэлтийн бүтэц өөрчлөгдөж байгааг харуулах нэг үзүүлэлт юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар технологийн үйлдвэрлэл, экспортын өсөлт БНХАУ-ын эдийн засгийг дэмжиж байгаа ч дотоодын хэрэглээ сул, үл хөдлөх хөрөнгийн зах зээл хүндрэлтэй хэвээр байгаа нь эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж байна.

Иймээс өндөр технологийн үйлдвэрлэлийн өсөлтийг хадгалахын зэрэгцээ дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь БНХАУ-ын эдийн засгийн цаашдын хөгжлийн чухал асуудал болж байна.

Хуваалцах